Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Питер Морроуг дурсахуй

ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Баруун дөрвөн замын тийш зорьсон газраа хүрэхдээ би зориуд Хүүхдийн 100-аар дайран алхав. Бие биетэйгээ уралдан өөд тэмүүлсэн гялгар барилгууд, гэрэлт гудамж, түүгээр холхих хүн урсгалыг сэтлэн харвал “Хаан банк”-ны шилэн барилга нүдэнд аяндаа тусах нь тохиол таарсан хэд хэдэн учир шалтгааны зангилаа байж, зорьж яваагийн минь хэрэг болоод том зургаар нь харвал Монголын хөгжил, эдийн засагт өөрийн ирсэн болоод зорьсоны үйлийг бүрэн дүүрэн гүйцээгээд буцсан нэгэн хүмүүний ухамсарт амьдралын гэрэлт дуурсгал бас, тусгал болон гялалзвай.

***

Питер Морроу 1947 онд Жозеф болон Сара Морроугийн гэр бүлд аравдугаар сарын 6-нд мэндэлжээ. Хэдийгээр урлагт, тэр дундаа хөгжимд ойрхон гэр бүлд өссөн хэдий ч сонирхол нь түүнийг Харвардын их сургуулийн эдийн засгийн салбар руу хөтөлж, хурц харцтай, бадриун биетэй, асуудалд хянамгай, аливаад гярхай ханддаг, маш хурдан ярьдаг, бас олон талын мэдлэг, мэдрэмжтэй залуухан Пит банкны салбарт бүхий л амьдралаа зориулжээ. Энэ зуур АНУ-ын Финикст “Century bank”-ийг байгуулж Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, мөн Афганистан, Румын, Казахстан, Украйнд банкир болоод санхүүгийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байхад нь хувь тавилан түүний замыг Монгол орон руу чиглүүлжээ. Хараахан хэвлүүлж амжаагүй “My Mongolia” дурсамж номондоо тэр энэ тухай өгүүлэхдээ:

“2000 оны тавдугаар сард Украйн руу нислэгээр явах зуураа "The Economist" сэтгүүлээс Монголын банкны салбарын тухай нийтлэл олж уншив. Түүн дээр "...Хөдөө аж ахуйн банк санхүүгийн хувьд маш хүн байдалд хүрэв. Гэсэн ч уг банкны үүрэг нөлөө үлэмж их хэвээр бөгөөд Монголын алслагдсан сум суурингийн хүмүүсийн амьдралдаа орж үзсэн цорын ганц банк байх. Банкны төвөөс алслагдсан салбаруудад иргэдэд хуваарилах мөнгө байхгүй боловч энэ банк бүрмөсөн дампуурснаар тус улсын эдийн засаг ганхах магадлал өндөр. Тийм учраас Засгийн газар нь “гадаад босс” авчирч, банкийг дахин хөл дээр нь босгохоор ажиллаж байна" хэмээсэн байв.

Хэдийгээр би Монголд очих нь бүү хэл энэ улсын тухай мэдэх зүйл өчүүхэн төдий ч үгүй хэр нь карьерийнхаа ихэнх жилүүдийг үйл ажиллагаа нь ганхсан банкуудыг эргэж хөл дээр нь босгоход зарцуулсан хүний хувьд анхаарлыг минь өөрийн эрхгүй татсан. Миний хувьд энэ гайхалтай боломж байсан хэдий ч АНУ-д төвтэй санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани маань олон улсын чамгүй олон ажил дааж авсан, би ч завгүй боловч үүндээ жаргалтай байсны хувиар анхандаа нэг их ойшоогоогүй юм..." гэж бичсэн байв.

Хувь тавилангийн зурсан зургийг бидний хэн маань л өөрчилж чаддаг билээ дээ. Төд удалгүй “The Economist” сэтгүүл дээрээс уншиж, ургуулсан нь бодит байдлын дүрд хувилан, дөрвөн долоо хоногийн дараа түүний и-мэйлд “Development Alternatives Inc” (DAI)-ээс маш гэнэтийн зурвас ирсэн байжээ. Үүнд өнөөх сэтгүүл дээр тодотгосон шиг “гадны босс”-ын ажлын санал байх нь тэр. Пит анх ингэж л санамсаргүй хэрнээ хувь тохиол ч гэж хэлж болмоор сонин учралаар Монголтой холбогдсон. Тэд түүнд Монголд урт хугацаагаар ажиллах хүсэлт тавьсан ч тэр эхэндээ хоёр жил л ажиллаад буцах гэрээ байгуулж дөнгөжээ. Ингээд тэр “The Economist” дээр гарсан мөнөөх нийтлэлийг уншсан өдрөөс хойш сар гаруйхны дараа Монголын Хөдөө аж ахуйн банкны “гадаад босс”-ын үүрэг гүйцэтгэхээр Монголд ирсэн байлаа. Түүнийг амаргүй даалгавар хүлээж байгааг тэр сайн ойлгож байв.

Шинэ мянган гарсны дараах Хөдөө аж ахуйн банкны байр байдал болоод Монголын эдийн засаг хоёр тун адилхан нөхцөлд байлаа. Банк 1990-ээд оны туршид үүсч хуримтлагдсан үлэмж хэмжээний чанаргүй зээлийг төлүүлэх, зээлийн өрөнд хураагдсан хөрөнгийг борлуулах, үйл ажиллагааны зардал хэмнэх төдийхнөөр ажил нь хязгаарлагдаж, их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадвар нь доройтож, нэр хүнд нь унаж, дампууралд тулж очоод байсан тус банкны тэргүүлэх зэргийн ажилтнууд ердөө 72 ам.доллартай дүйцэхүйц цалин авдаг байж. Банкны ажилтнуудынх нь дийлэнх нь гэр хороололд амьдардаг, хувьдаа машинтай хүн бараг үгүй тэд өглөө 09.00 цагт ажил дээрээ бүрэн цуглаад, компанийнхаа сүлд дууг дуулан ажилдаа шамддаг Азийн бусад орны адил мэргэжилтнүүдээсээ огт ондоо байсныг Питер Морроу хувийн тэмдэглэлдээ бичсэн байхыг нь олж уншсан. Харин тэр “Хаан банк”-ны гүйцэтгэх захирлаар 10 жил ажиллахдаа Монголын хамгийн олон салбартай, нөлөө бүхий банкийг ямар зэрэгт аваачсан нь монголчуудын нүдэнд тод томруун харагдаж байсан учраас нурших нь илүүц гэж бодож байна. Дээр дурдсан бэрхшээлээс гадна иргэдэд зээл олгодоггүй байсан банк танил талаар, “учир битүүлгээр” мөнгө гаргадаг, улстөрийн нөлөө ихтэй, авлига хээл хахуул зэрэг олон асуудалтай тэр “бизнесийн ёс зүй” гэсэн пайзыг өмнөө барин тулсан байдаг. Улмаар Питер Морроугоор удирдуулсан түүний багийнхан “Монголын хөдөө орон нутагт санхүүгийн найдвартай үйлчилгээг сэргээх, Санхүүгийн хувьд ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах, банкийг хувьчлалд бэлтгэх” үндсэн зорилгодоо хоёр жилийн дотор хүрч, түүний буцах хугацаа давхацсан хэдий ч нэг том өөрчлөлт хувь хүнийх нь дотор явагдсан байж. Тэр энд бүрмөсөн үлдэхээр шийдэх хүртлээ Монголд дассан байсан бөгөөд 2003 онд тус банк хувьд шилжиж, Японы “Sawada Holdings” тэргүүтэй хѳрѳнгѳ оруулагчдын мэдэлд очиход гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллах саналыг нь тэр уриалгахан хүлээж авч, 2010 он хүртэл “Хаан банк”-ийг нэр төртэйгөөр удирдсан юм. Түүнийг ажлаа өгөх үед “Хаан банк” Монголын эдийн засгийн “шүдний өвчин” байхаа нэгэнт больсны дээр компанийн тэргүүлэх зэргийн ажилчид 2000-7000 ам.долларын цалин авдаг болсон байлаа.

***

Дампууралд дөхсөн үндэсний хэмжээний томоохон банкийг богино хугацаанд хөл дээр нь босгосон туршлага нь зөвхөн Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, нэг чухал кэйс болж, Питийг олон газар урих болжээ. 2006 онд Филиппиний Манилад болсон олон улсын хуралд тэр илтгэх тавихаар очиж, тэр Монголын банкны салбар, өөрийн кэйс, хөрөнгө оруулалтын боломжийн тухай гаднынханд өөдрөг мэдээлэл олныг өгсөн байна. Ер нь Пит хаа явсан газраа олон улсын хурлын төвшинд ч, оройн зоогонд хамт уригдсан хүмүүстээ ч Монголын тухай ямагт эерэг мэдээлэл, бодит боломжуудыг санал болгон ярьдгийг ойр дотнынхон нь сайн мэднэ. Гэхдээ түүний эл яриа хэзээ ч сэтгэл хөдлөлөөр хөглөгдсөн бадрангуй өөдрөг үгс төдий биш, харин үргэлж бодит баримт, фактад тулгуурлаж, асуудалд оночтой, алсын хараатай ханддаг учраас хэн бүрт итгэл үнэмшил төрүүлдэг байжээ. Филиппинд болсон хуралд тухайн үед Азийн хөгжлийн банкинд ажиллаж байсан Б.Бямбасайхан очсон байв. “Тэр үргэлж л “Бидний Монгол”, “Манай Монгол...” гэж өөриймсөг ярьдаг байсан. Зарим талаараа тэр надаас ч илүү Монгол юм шиг санагддаг” хэмээн Б.Бямбасайхан дотночлон ярилаа.

Питер Морроугийн залуу анд, бизнесийн гол хамтрагчдын нэг Б.Бямбасайхантай “NovaTerra” компанийн төв байранд уулзсан өдөр талийгаачийн бурханы оронд одсон өдөртэй давхцаж таарав. Хананд нь Питтэй авахуулсан зургууд, хамтдаа “NovaTerra” компанийг байгуулж байсан үеийн агшнууд дурайх агаад хоймортоо байрлуулсан зургийнх нь өмнө зул бадамлуулсан харагдана. “Хэрвээ Питтэй таараагүй бол би Монголд бараг ирэхгүй ч байсан байж мэднэ. Амралт, ажлын шаардлагаар эх орондоо хаа нэг ирэхдээ би Пит рүү дандаа залгаж, бид их ярилцаж суудаг байсан. Тэр намайг Монголдоо ирж ажилла, одоо л чи хэрэгтэй. Чам шиг залуус энд ус агаар шиг хэрэгтэй байгаа тэр орон зайг нөх гэж үргэлж хэлнэ. Пит хүнд урам зориг төрүүлэхдээ гарамгай нэгэн байсан. Хүн танихдаа бас гайхалтай” хэмээн тэр дурсав.

Үнэхээр ч 2010 оны гуравдугаар сард Пакистанд ажиллаж байхад нь тухайн үед “Newcom”-ийн Б.Болд залгаж, “Энэ төслийг таныг л хийж чадна гэж Питер Морроу хэллээ. Танд ажлын санал байна” хэмээн ярьснаар Б.Бямбасайхан Монголдоо иржээ. Тэгэхэд Питер Морроу “Newcom”-ийн ТУЗ-ийн орлогч дарга байж, түүнд үнэтэй зөвлөгөө, урам зориг байнга өгч, хажууд нь ямагт түшиж тулж, чиглүүлж байсныг хүндэтгэлтэйгээр дурсав. Питийн туршлага Монголын олон компанид хэрэгтэй байсан, тэр ч энд байх хугацаандаа олон ч ажлын ард гарчээ. Тэдгээрийн бас нэг томоохон хэсэг нь Монголын бизнесийн зөвлөл байв. Монголд бизнес хийхээр ирсэн хүн болгон хамгийн түрүүнд түүн дээр очдог байсан аж. Энэ зуур Монголын эдийн засаг өсөх тусам түүнтэй уулзаж, ярилцах хүмүүсийн тоо нэмэгдсээр ер нь хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, ойлгомжтой байх, Монголд буй боломжуудыг сурталчилах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн зөвлөл байх ёстой гэсэн санаагаа бодит ажил хэрэг болгож, 2007 онд Монголын бизнес зөвлөлийг анх үүсгэн байгуулжээ. Тэр жил 35 гишүүн шинээр элсэж байсан бол одоо энэ зөвлөл 250 гаруй гишүүнтэй болтлоо өргөжин тэлсэн байна. “Пит олон газар ажилласан, тэгэхдээ ихэвчлэн санхүүгийн хүн байдалд байгаа банкуудыг хөл дээр нь босгож, зөвлөгөө өгч, ажиллаж байсан учраас зовлон сайн мэддэг, тэр хэрээр ойрын асуудалд бүдэрдэггүй, алсын хараа, боломж, ирээдүйг сайн олж харж, түүнд чиглэсэн шийдвэрүүд гаргадаг” хэмээн Б.Бямбасайхан хэлэв.

Монголын бизнесийн зөвлөлийн гишүүнчлэл нэмэгдэж, үйл ажиллагаа нь ч төгөлдөр болж ирэх үед Питер Морроу “МБЗ-ийн ТУЗ-ын дарга монгол хүн байх ёстой” хэмээн шийдсэнээр Б.Бямбасайхан уг албыг авсан байна.

Тэдний 2016 оны тайлангийн эхэнд “...2016 онд МБЗ-ийг үүсгэн байгуулагч Питер Морроу таалал төгсч, бид бүхэнд том гарз тохиосон билээ. Тэрээр бизнес эрхлэгчдэд ихээхэн урам зориг, тэмүүлэл өгдөг нэгэн байсан бөгөөд Монголын бизнесийн хүрээлэлд өнгөрсөн 15 жилийн хугацаанд маш их хувь нэмэр оруулсан билээ. Талийгаач нь маш олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлж чадсан, хүнлэг нэгэн байсан ба түүний эхлүүлсэн үйл хэрэг цаашид ч тасралтгүй залгамжлагдаж, хүмүүсийн амьдралд дэм өгсөөр байх болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн бичжээ.

 

***

Амьдарч асан гэрт нь явж орохдоо би андуурч орхиод аль нэг галерейн хаалга татав уу хэмээн гайхав. Хана бүрт Монголын нэртэй уран бүтээлчдийн уран зураг донжийг олон байршсан байхаас гадна ширээ сандлаас эхлээд хогийн сав хүртэл, эдэлж хэрэглэдэг юм бүхэн урлагийн бүтээл байна. Энэ гэрт Монголын хамгийн нөлөө бүхий банкны гүйцэтгэх захирал, насаараа банкир байсан хүн амьдарч байсан гэхээс илүү мэдрэмж бялхсан нэгэн уран бүтээлчийн гэр-урлан гэвэл хамгийн гярхай хүн ч итгэх байсан биз.

Эртний эдлэл, хуучны модон авдрууд, домбо, цамын баг сэлт зохицлыг олон байршсан зочны өрөөний хойморт нэгэн сонирхолтой зураг өлгөөтэй байв. 1800-аад оны сүүлчээр амьдарч байсан Францын нэрт зураач Анри де Тулуз-Лотрекийн “Мулен Ружд” (At the Moulin Rouge) зургийг дуурайж, Монголын нэрт хөрөг зураач Б.Насанцэнгэлийн зурсан уг бүтээлд монгол язгууртнуудын хувцастай гурван эр, хоёр эмэгтэй ширээ тойрон суугаа харагдана. Баруун талд тод дүрслэгдсэн нь Ц.Сэргэлэн, зургийн голд, цааш харан харцаа үл ялиг доошлуулсан суугаа монгол хатны хувцастай нь МУЗ-ийн ажилтан Дэлгэрмаа, түүний баруун гарт талд суугаа жишүү харсан хүн бол зураач Ц.Мөнхжин, цаад талд нь “Сант Марал”-ын захирал Л.Сумати, хажууд нь “Гуру Медиа”-гийн продюсер Ц.Ариунаа, цаана дүрслэгдсэн хоёр эмэгтэй бол зураач Насанцэнгэл, болон түүний найз Билгээ бөгөөд тэднийг өнгөрөн гэлдэрч яваа хоёр эр нь Тулуз-Лотрекийн эх зурагт дүрслэгдсэн байдаг дүр аж. Харин яриа дэлгэн суугаа тэдний төвд гартаа хундага дарс барин суугаа хөх дээл, буурал толгойтой хүн бол бидний дурсан буй Питер Морроу агсан бөлгөө.

Сайн дарс, сайн хоол, сайн нөхөдтэй яриа дэлгэн өнгөрүүлсэн үдшүүд түүний туулж өнгөрүүлсэн амьдралын онцгой чухал хэсэг болохыг дээрх зураг томруун харуулжээ. Нэгэн зурагт хамт мөнхөрсөн найзууд, дотны нөхөд, Питерийн гэгээн дурсгалыг зүрхэндээ хүлээн авч буй найз нарт нь нь энэ зураг, үүн дээрх дүрслэл ойрхон дотно санагдаж буйд итгэлтэй байна. Хэрэв нэгэн мөчид ид шид гэнэт тохион, уран зураг бодит байдалд хувилах аваас дүрслэгдсэн нөхөд “Veranda” рестораны зүүн цонхон талын эхэнд байрлах Питерийн “нэрэмжит” ширээний ард тухлан, тэр өөрөө хурдан хурдан ярих зуураа хундага дарснаас хаа нэг шимэн, саяхан зочилсон үзэсгэлэнгээс сэтгэлд торсон уран зургийн тухай, өнөөдөр амьдралд нь юу тохиолдож, тэр юу анзаарч харсныгаа, ургуулж бодсон уран зургийн санаа, шинэ төсөл гээд юу эсийн тухай хууч дэлгэн суух байсан биз ээ.

Тэр урлагт, тэр дундаа уран зурагт маш элэгтэй хүн болохыг түүний амьдарч байсан гэр, хувийн цуглуулга дахь үй олон бүтээл, зочилж очсон хэдэн зуун үзэсгэлэн, ойрхон нөхөрлөсөн олон арван зураач, уран бүтээлчид, ивээн тэтгэсэн үзэсгэлэнгүүд, “Хаан банк”-ны галерей, ажилчид нь анхандаа ойлгож, оошоогоогүй оффис дахь олон гайхалтай зургууд цөм гэрчилнэ. Яагаад гэдэг асуултанд тэр “Уг нь би уран зураг гэхээсээ илүү хөгжимд ойрхон гэр бүлд төрсөн. Ээж, эмээ маань найрал хөгжимд хийл тоглодог байлаа. Би уран зураг авч эхлэхдээ уран зураг цуглуулагч гэсэн утгаараа авдаггүй байлаа. Монголд ирснийхээ дараа авьяастай, уран зургийн төлөө сэтгэлтэй гайхалтай уран бүтээлчид байгааг мэдэрсэн. Гэхдээ тэдэнд бүтээлийг нь худалдан авч байгаа хүмүүс, зах зээл байхгүй байлаа. Ер нь тэр үед уран зураг худалдан авдаг хүмүүс, бүлгүүд бараг байхгүй байсан даа. 2002 оноос уран зургийн цуглуулгуудаа эхэлсэн. Ажлын байрандаа сайхан орчин бүрдүүлбэл хамт олон маань сэтгэгдэл өндөр байж, харилцагч нар маань сэтгэл дүүрэн гарна  гэж бодсон юм. Бас бусад байгууллагууд бидний жишгийг дагаж, уран зураг, уран бүтээлчдийг дэмжээсэй гэсэн зорилготойгоор зургуудаа авч эхэлсэн” хэмээн даруухан, маш дипломат хариулж байж. Гэхдээ энд дэлгэсэн бодит шалтгааны цаана төрөлх чанар, мэдрэмж хөтөлж байсан нь гарцаагүй болов уу хэмээн таана.

***

Дампуурах дөхсөн үндэсний хэмжээний том банкийг орвонгоор нь эргүүлж, хөл дээр нь босгохоор ирсэн ямар ч “санхүүгийн супермен” ариун үүргээ биелүүлэхийн хажуугаар уран зураг худалдан авч, банкны нэрэмжит галерей, цуглуулга бий болгох манатай л байх нь мэдээж. Харин түүний ажиллах зарчим өөр байлаа. Тэр асуудлыг бүхлээс нэгж рүү хүртэл олж харж, томоос жижиг хүртэлх бүхэнд нэг зэрэг анхаарал хандуулан ажилладаг байжээ. Банк бизнесийн төгөлдөр зарчмаар үйл ажиллагаа явуулж, тэнд ажилладаг хүмүүс итгэл зүтгэл дүүрэн байх бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлэхийн хажуугаар үйлчлүүлсэн хүмүүс дотно дулаан мэдрэмч авахад нөлөөлөх хамгийн чухал зүйлсийн нэг бол уран зураг гэдгийг тэр олж харжээ. Тэр дээр дурдсан бүхнийг том зургаар нь харж, “Хаан банк”-ийг хөл дээр нь босгохдоо нэгийг нь ч анхаарлын гадна үлдээгээгүй юм.

“Хаан банк”-ны төв байранд очиж байсан хүн бүр гайхалтай уран зургуудыг шимтэн алхах зуураа уран зургийн галерей, мини-театр, ресторан зэрэгцэн байхыг олж харсан болов уу. Энэ бүхэн Питер Морроугийн цогц санааны нэг чухал бүрдэл байсан юм. Нэгэн удаа тэр банкныхаа дор байрлах ресторанд гэргийтэйгээ үдийн зоог барьж байхад мини-театрт дуучин Б.Сарантуяа тоглолтын бэлтгэлээ хийх нь дуулдаж, харин үүдээр шинэхэн нээгдсэн үзэсгэлэнг зорих олны хөдөлгөөн урсаж байхыг хараад учиргүй их баярлаж, “Миний мөрөөдөл энэ л байсан юм шүү дээ” хэмээсэн ажээ.

“Түүний Монголын урлагт оруулсан хамгийн том гавьяа бол бизнес ба урлагийг ойртуулсан байв. Тэрээр ХААН банкны уран зургийн цуглуулгыг анх санаачилсан нь олон бизнес өөрийн гэсэн цуглуулгатай болох үзэгдлийг түүчээлсэн” хэмээн түүнтэй хамт Монголын Урлагийн Зөвлөлд ажиллаж байсан, өдгөө “Гуру Медиа”-гийн захирал Ц.Ариунаа “Шувуу” хэмээх дурсамжиндаа бичжээ. Питер Морроу андыгаа “Шувуу” хэмээхдээ тэр “МУЗ-ийнхөн цөм эмэгтэйчүүд. Бид хүчтэй байж л ажлаа гүйцэлдүүлнэ. Харин Питийн дэргэд бид жинхэнээсээ “сул дорой” байж болох ховор завшааныг бидэнд өгдөг жинхэнэ удирдагч, анд нөхөр, эр хүн байв. Зүйрлэвээс Пит нэг их том, мэргэн шувуу байсан. Тэр том далавчаараа олон хүнийг нөмөр нөөлгөндөө авч чаддаг ховор заяатай. Далавчтайгаа адил хийсэн бүтээсэн болгон нь том хийгээд урт настай!!!” гэсэн юм.

Үнэхээр ч түүний талаар бичсэн анд нөхөд, хамтран ажиллагсад, дотнын хүмүүсийн олон дуртгалыг уншихад дээрх тодорхойлолт дахин дахин батлагдаж байлаа. “Түүнийг бид олон сайхан чанар, хийж бүтээсэн олон ажлаар нь дурсах болно. Ялангуяа коммунизмын үед сүйдсэн буддын сүм хийдүүдийн газрын зургийг бүтээж, “Монголын сүм хийдийн түүхэн товчоон” төслийг санаачилсан нь гайхалтай ажил байсан” хэмээн түүний нөхөр Гуйдо Вербум дурссан бол “Пит Монголд 16 жил амьдрахдаа бизнесийн салбарынхны “декан” болж чадсан. Монголд анх удаа ирж буй бизнесийнхэн Питертэй уулзах хүртлээ юуг ч бүрэн дүүрэн ойлгож, мэдээгүй байдаг” хэмээн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн хамт олны дурсамжинд бичигджээ. Харин DAI-ийн хамт олны эмгэнэлийн үгэнд “Питер Морроу монголчуудад хамгийн их хүндлэгдсэн гаднын иргэн, бизнесийн лидер байлаа” гэсэн үгс тодорно.

Питер Морроу гэх нэрийн өмнө маш олон тодотгол дагана. “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал, “NovaTerra” компани болон Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг, “American University of Mongolia”-гийн үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын дарга, Монголын бизнесийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Хас банк”, Монголын хөгжлийн банк, “Newcom” групп, “Eznis Airways”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.

“Алтан гадас” одон хүртсэн цөөхөн гадаад иргэний нэг байсан юм. Харин Монгол түүний хувьд төөрсөөр олсон эх орон нь байлаа. Нэрт хөгжмийн зохиолч, Питерийн дотнын анд Н.Жанцанноров гуайн нэг ховор бичлэгийг үзэх хувь надад тохиосон юм. Тэр андыгаа дурсахдаа төгөлдөр хуурныхаа өмнө суугаад “Питийгээ төсөөлвөл...” гэчихээд нэг ч үг хэлэлгүй ихээ бадрангуй, долгилсон эрчтэй, тэгэхдээ цаанаа уянгатай аяз тоглосон байлаа. 

***

Түүний гэргий Б.Доржпагма надад дуучин С.Нарангийн “Feelings…Imagine” цомгийг бэлэглэв. Тэгэхдээ “Always on my mind” дуунд нь бид хоёр их дуртай байсан гээд чимээгүйхэн инээмсэглэсэн юм. Харьж очоод мөнхүү цомгийг нэгэнтээ сонсож, “Always on my mind”-ийг хоёронтоо дахив. Харин доторх CD-г буцааж хийхдээ санамсаргүй нэг зүйлийг анзаарсан нь цомгийн баруун доод буланд танил нэр жижигхээн бичигдсэн нь “Produced by:  Peter Morrow & Jim Dwyer” хэмээх нэр байлаа. Питер Морроу тэнгэрийн оронд залраад нэг жил өнгөрчээ.

Тэр халуун зүрхэнд тодоор дуурсагдах зүйлс яасан ихийг үлдээгээв дээ...

 

Ж.Тэгшжаргал

Эх сурвалж: "Гэрэг" сэтгүүл