Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өвчин эмгэгийг анагааж, эд эсийг төлжүүлэх чадвартай бичил чип бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Эрдэмтэд хүний биед үүссэн шархыг эдгээж, цусны бөөм, мэдрэлийн эс, гэмтсэн эрхтнийг төлжүүлэх чадвартай бичил чипийг зохион бүтээжээ.

Шинэ технологийг Tissue Nanotransfection (TNT) гэж нэрлэж байгаа ба нанотехнологийг ашиглан хүний арьсны эсийг бусад төрлийн эсүүдэд хувиргаж, эд эрхтэнд үүссэн гэмтлийг засварлах боломжтой гэнэ.

Зоосны хэмжээтэй бичил чипийг хүний арьсанд наахад арьсны эд эсийн генетикийн кодыг өөрчлөх буюу дахин програмчлах замаар өөр төрлийн эс болгон хувиргадаг.

Энэ бүх процесс секунд хүрэхгүй хугацаанд болдог ажээ. Технологийг бүтээсэн Охайо мужийн их сургуулийн эрдэмтэд хулгана, гахай зэрэг амьтан дээр туршаад байгаа юм. Тухайлбал хулганы гэмтсэн хөлийг ийм аргаар эдгээж чадсан байна. Мөн саажилттай болсон хулганы тархинд мэдрэлийн эсүүдийг ийм замаар нийлүүлэн эдгээж чадсанаа эрдэмтэд мэдээлжээ.

“Төсөөлөхөд хэцүү хэдий ч бид 98 хувийн үр дүнтэй хэрэгжүүлж чадлаа” хэмээн судалгааны багийг удирдсан хүмүүсийн нэг, доктор Чандан Сен хэлсэн байна. Тэр цааш нь “Энэ технологийн тусламжтайгаар бид арьсны эд эсийг дурын эрхтний эсэд хувиргаж чадна. Чипийг байнга наалттай байлгах шаардлагагүй, дахин програмчлал цааш өөрөө үргэлжилнэ” гэж тайлбарлажээ. Өмнө нь лабораторид хүний өөрийнх нь эсийг хувирган бусад эд эрхтнийг эмчлэхэд ашиглаж байсан ч энэ удаа бүх үйл явц хүний бие дотор явагддагаараа онцлог. 

Хүний өөрийнх нь эсийг ашиглаж байгаа тул дархлааны системийн эсэргүүцэлтэй тулгарахгүй, дархлааг дарах эмчилгээ хэрэггүй. Элдэв хор нөлөөгүй, лабораторийн орчин шаардахгүй тул эмнэлэгт чөлөөтэй нэвтрүүлж болох гэнэ. Арьсанд наахад бага зэргийн цахилгаан гүйдэл үүсэх ба өвчтөн үүнийг бараг мэдрэхгүй ажээ.

Шинэ технологийн тухай мэдээллийг Nature Nanotechnology сэтгүүлд нийтэлсэн байна. Технологийг хүн дээр турших туршилт ирэх жил төлөвлөгджээ.

 

Эх сурвалж: Independent