Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баасандорж: ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд Эрүүгийн хуулийг биелүүлсэнгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албанаас Үндэсний мэдээллийн төвд яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна. Хэвлэлийн бага хурлын мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү. 

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/709651682553736/

Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж "2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. 

Энэ талаар АТГ, ТЕГ-т долоодугаар сард гомдол гаргасан байдаг. 

Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. 

Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. У.Хүрэлсүхийг дагасан, мөшгөсөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэрэг. 

Одоо болтол энэ хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний хувьд шүүмжлэлтэй асуудал юм. 

Уг нь гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Одоо болтол тэгээгүй нь хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна.

Дараагийн асуудал нь уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. 

Энэ хүний дэлгэсэн мэдээлэл ноцтой учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. 

Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд тайлбар авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз.

ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна".

"Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Шадар сайдын Зөвлөх А.Үйлстөгөлдөр "У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй. 

Долоодугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын удирдлагууд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг. 

Тэгэхээр юу болж байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай, устай зууралддаг гэдгийг мэдэж байгаа. 

У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй байгаа юм. 

Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна. 

Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой биш. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ" гэв.

Асуулт хариулт

-Шадар сайдыг ямар шалтгаанаар тагнаж, чагнасан юм бол?

Ц.Баасандорж: Чухам ямар шалтгаанаар 2-3 сар мөрдсөн гэдгийг хуулийн байгууллагууд тогтооно гэж бодож байгаа. 

Энэ улс төрийн зорилготой эсэх, захиалагч нь хэн эсэхийг одоохондоо хэлэх боломжгүй. 

Гэхдээ болж байгаа үйл явдлыг харахад үүнд төрийн өндөр албан тушаалтан байгаа гэж хардаж байгааг үгүйсгэхгүй байна.