Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Гуамын ойролцоо цохилт өгөхөөр бэлдэж байгаагаа зарлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын арми Номхон далайн Гуамын арлын орчимд пуужингийн цохилт өгөхөөр бэлдэж байгаа тухай тус улсын төв мэдээллийн агентлаг өнөөдөр өглөө зарлалаа.

Нэгдсэн Улсын цэргийн бааз байрладаг Гуамын арал нь Солонгосын хойгоос өмнө зүгт, Номхон далайн баруун хэсэгт оршдог ба эндээс Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд сүүлийн үед дараалан Өмнөд Солонгосын тэнгэрт нислэг үйлдэх болсон юм.

Дээрх мэдэгдлийн өмнөхөн Дональд Трамп Хойд Солонгосыг “галд автуулна” гэж сүрдүүлээд байв.

Хойд Солонгосын стратегийн хүчний албан хаагч “Гуамын ойролцоо, Андерсон агаарын баазыг бүслэн хаах цохилтын төлөвлөгөөг боловсруулж байна” гээд ингэх чиглэлийг Ким Жон Ун өөрийн биеэр өгсөн гэжээ.

Төлөвлөгөөг бэлэн болмогц их удирдагчид танилцуулж, гүйцэтгэх тушаал авахаа мөн хэлсэн байна. Андерсон агаарын баазад АНУ-ын армийн гол стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг бөгөөд тэдгээрийг тойруулан галын цохилт өгснөөр Солонгосын хойг дээгүүр дахин нислэг үйлдэхийг нь болиулах зорилготой гэнэ.

Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүд уг төлөвлөгөөг Гуам дахь баазад шууд цохилт өгөхгүй, харин бааз дахь зэр зэвсгийг арлаас гарах, орох боломжгүй болгох арга хэмжээ гэж дүгнэжээ.

Гуамын агаарын баазад B-1B, B-52 зэрэг бөмбөгдөгчүүд, THAAD пуужингаас хамгаалах систем байрладаг. Энэ долоо хоногийн эхээр B-1B бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгосын агаарын хүчний сөнөөгч онгоцнуудтай хамтарсан нислэгийг Солонгосын хойгийн тэнгэрт зохион байгуулсан юм.

Гуамын баазаас Солонгосын хойг хүрэхэд уг онгоц хоёр цаг зарцуулдаг ажээ.

Уг нислэгийг Хойд Солонгосын тал өдөөн хатгалга хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ авахаа амлаж байсан юм.

 

Эх сурвалж: Korea Herald