Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп ХАТУУ ҮГЭЭР Хойд Солонгосыг сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бараг анх удаагаа гэж хэлж болох хатуу ширүүн үгээр Хойд Солонгосыг сүрдүүлсэн мэдэгдэл хийжээ.

Тэрээр хэвлэлийнхний өмнө үг хэлэхдээ камерны өөдөөс эгц харж байгаад “Тэр (Ким Жон Ун) хэвийн хэмжээнээс хэтэрсэн аюул занал бидэнд учруулж байна” гээд цааш нь “хэрвээ аюул үргэлжилбэл энэ дэлхий дээр хэзээ ч үзэгдэж байгаагүй гал дөл, уур хилэнг тэд амсах болно” гэсэн юм.

Трампын энэ мэдэгдлийн өмнөхөн Вашингтон Пост сонин АНУ-ын тагнуулын байгууллагаас гаргасан Хойд Солонгосын тухай шинэ мэдээллийг дэлгэсэн нь дуулиан тариад байв. Уг мэдээлэлд Пёньяны бүтээсэн цөмийн цэнэгт хошуу нь пуужинд тээвэрлэгдэхүйц авсаархан хэмжээтэй болсныг хүлээн зөвшөөрөөд тус улсын цөмийн зэвсгийн тоог 60 гэж тодорхойлсон байна.

Өнгөрсөн Бямба гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолыг баталсан. Үүний дараа Хойд Солонгос мөн АНУ-аас өшөөгөө “мянга дахин” хүчтэй авах болно хэмээн сүрдүүлсэн мэдэгдэл гаргасан юм.

Ким Жон Уны цөмийн зэвсэг АНУ-ын тэргүүн зэргийн аюул болоод байгаа нь улам бүр батлагдаж байна. Харин асуудлыг яаж шийдэх талаар Вашингтоны албаныхан нэгдсэн байр суурьгүй байгаа нь харагдаж байгаа. Трамп болон түүний зөвлөхүүд хүч хэрэглэхээс буцахгүй гэх утгатай зүйл ярьдаг бол төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон “Хойд Солонгосын дэглэмийг нураах нь манай зорилго биш” гэж мэдэгдээд байна.

Пентагоны тэргүүн Жэймс Мэттис өнгөрсөн зургаадугаар сард хэлэхдээ Хойд Солонгостой дайн хийвэл “1953 оноос хойш үзэгдээгүй их хүний хохирол гарна” гэдгийг хүлээн зөвшөөрч, аль болох хүч хэрэглэхээс зайлсхийнэ гэсэн юм. 1953 онд Солонгосын дайн дууссан ба Хойд Солонгосын хөршүүдийн нийслэл Сөүл, Токио хотуудад хүн ам шигүү суудгийг Мэттис бодолцон ийнхүү ярьсан ажээ.

Харин Бүгд Найрамдах Намын хамгийн “дайнч” сенатор гэгддэг, Трампыг хүчтэй шүүмжлэгч Жон Маккэйн ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа “Би түүний юу яриад байгааг ойлгоогүй” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: BBC, Business Insider