Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Бүх хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохын тулд ТӨСВИЙН ТОДОТГОЛ хийх шаардлагатай”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

Бүлгийн дэд дарга Ж.Батзандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах зайлшгүй шаардлага байна гэж АН-ын бүлгээс үзлээ.

Нэгдүгээрт Хүүхдийн мөнгөний асуудлыг бид ярилцсан. 8,9 сарын хүүхдийн мөнгөний гүйцэтгэл тасрах хандлагатай байна. Эх үүсвэр нь тодорхойгүй байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд өгнө, нөхөн олгоно гэж амласан. Энэ нь 2012 оноос хойш Ардчилсан намын явуулж буй бодлоготой нэгдэж байгаа. Энэ утгаараа Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд нөхөж олгохын тулд төсвийн тодотгол зайлшгүй хийх шаарлагатай гэж бид үзэж байна.

Яг одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхэд Хүүхдийн мөнгө авч байгаа. Монголын нийт хүүхдийн тоо нэг сая гаруй.

Нийт хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохын тулд 240 гаруй тэрбум төгрөг зайлшгүй шаардлагатай. Энэ мөнгийг төсвийн тодотгол хийх замаар, эх үүсвэрийг нь суулгаж байж хэрэгжинэ” гэв.

Мөн тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар дараах асуудлыг дэвшүүлэв.

Ж.Батзандан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бодлогын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн тодорхойгүй зүйл байна гэж бид үзэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дотор АН-ын бүлгийн санал нийлэхгүй хэд хэдэн асуудал бий. Тухайлбал Төрийн хяналтын хороог байгуулах асуудал.

Хуучин социализмын үед Ардын хянан шалгах хороо гэж байсан. Ард түмнийг айлгадаг, дарамталдаг коммунист маягийн хороо байгуулахыг дэмжихгүй байгаа. Төрийн Хяналтын хороо гэдгийг ямар агуулга, зорилгоор байгуулах гэж байгаагаа тодорхой болгох ёстой.

Ардчилсан намын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа санал асуулга явуулж, бүх ард түмнээсээ асууж байж өөрчлөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Түүнээс биш зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн аймгаар явж хэдэн дарга нарын саналыг авах замаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй” гэв.

"Хөдөө аж ахуйн чиглэлийн асуудлууд тулгамдсан байгаа"
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Я.Санжмятав “Энэ жилийн төсвийн хуулинд Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэсэн шийдвэр гаргаж батлагдсан хэдий ч тэр мөнгөө сонгуулийн өмнө хүүхдүүдэд өгчихсөн.

Одоо наймдугаар сарын мөнгө олгоход мөнгө нь хүрэлцэхээргүй болчихлоо гэсэн үг. Энэ нь төсвийн хуулийг зөрчсөн асуудал юм. Эсвэл сонгууль дууссан гээд Хүүхдийн мөнгийг олгохгүй байх нөхцөл байдал бий болчих гээд байна.

Энэ жил эдийн засгийн өсөлт харьцангуй гайгүй байгаа мэдээлэл бий. Тиймээс Хүүхдийн мөнгийг таслалдалгүй олгохын тулд чуулганаа хуралдуулж, амласан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд нэмж 80 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлах шаардлага байна.

Хоёрдугаарт энэ жил ихэнх нутгаар гандуу байна. Ган харьцангуй таалагдаж байгаа хэдий ч өвөл тэжээлийн нөөцөө бэлтгэхэд хүндрэлтэй. Төв болон баруун бүсэд өвс тэжээлийн нөөц багассан учраас энэ асуудалд дотоодын нөөц бололцоог дайчлах, хувийн хэвшлээс бэлтгэх, шаардлагатай гэж үзвэл гадны орноос худалдан авах чиглэлийн асуудлууд гарах магадлал бий.

Хөдөө аж ахуйн чиглэлийн асуудлууд тулгамдсан байгаа учраас анхаарах ёстой. Тиймээс УИХ-ын чуулганаа хуралдуулах шаардлага байна гэж үзэж байна” гэв.