Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Неандертальчуудын тоо толгойг шинэ аргаар судалж тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Неандертальчууд буюу орчин үеийн хүний үеэл болох төрлийнхний тоо толгой хэд байсныг ДНХ шинжилгээний шинэ арга технологиор тодорхойлсноо АНУ-ын судлаачид Даваа гарагт зарласан байна.

40,000 орчим жилийн өмнө устаж үгүй болсон Неандертальчууд 1,000 орчим тоотой байсан гэж өмнөх судалгаагаар тогтоож байв. Харин шинэ судалгаа тэднийг хэдэн арван мянгаараа амьдарч байсныг шинэчлэн тогтоожээ. Гэхдээ тэд Европын өнцөг булан бүрт хэсэг хэсгээрээ тасарсан байдалтай, хоорондоо харилцаа холбоо муутай оршиж байсан гэнэ.

Энд тэндээс олдсон Неандерталь хүмүүсийн үлдэгдэл дээр шинжилгээ хийхэд цөөн тоогоор цөлөгдөж тусгаарлагдсан буюу цус ойртсон мутацийн шинж тэмдгүүд илэрсэн нь ийм дүгнэлт гаргахад хүргэжээ.

Өөрөөр хэлбэл энд тэндээс олдсон олдворууд нь бүгд генийн хувьд хоорондоо ялгаатай байсан байна.

Судлаачдын нэг Техасын Их сургуулийн Райан Болендер “Газар зүйн хувьд салангид, арал дээр байгаа мэт олон жижиг бүлгүүд хоорондоо бараг харилцаа холбоогүй амьдарч байжээ” хэмээн үүнийг тайлбарласан байна.

Мөн энэхүү ДНХ шинжилгээний аргаар тодорхойлсон нэг шинэ нээлт нь Неандертальчууд хүн төрөлхтний өөр нэг салаа мөчир болох Денисованчуудаас 744,000 жилийн өмнө салсан гэсэн дүгнэлт юм. Өмнө нь үүнээс нэлээд хойно тэднийг салсан гэж дүгнэдэг байв.

Харин Денисованчууд буюу заримдаа Неандертальчуудын зүүн зүгт салж нүүсэн хэсэг гэж үздэг хүмүүсийн тухай мэдээлэл маш ховор байдаг. Маш цөөхөн биеийн үлдэгдэл, шүд, яс зэрэг зүйлс өнөөдрийг хүртэл олдоод байгаа юм.

Дээрх хоёр төрөл зүйл нь орчин үеийн хүний өвөг дээдсийг 60,000 орчим жилийн өмнө Африкаас нүүдэллэхэд зэрэгцэн амьдарч, холилдож байсан гэдэг.

Харин Неандерталь болон Денисованчуудыг яагаад устаж үгүй болсныг одоо болтол тогтоогоогүй байгаа. Цаг уурын хүнд нөхцөл, орчин үеийн хүнтэй хоол тэжээлийн төлөө өрсөлдөх болсноос устсан гэдэг таамаглалууд голлодог.

Америк эрдэмтэд дээрх судалгааг хийхдээ хүн төрөлхтний дөрвөн төрөл болох орчин үеийн Евразичууд, орчин үеийн Африкчууд, Неандертальчууд, Денисованчуудын генийг харьцуулсан юм байна.

Орчин үеийн Европчуудын генийн 2 хувьд нь Неандерталь хольц байдгийг тогтоосон байдаг юм.

 

Эх сурвалж: AFP