Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчуудад буруу хооллолт, стрессээс үүдсэн өвчлөл их байна"

Ч.Олдох
2017 оны 8 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Улаанбаатар дахь Солонгос-Монголын дорнын анагаах ухааны төвд ирж, монголчуудыг үзэж, оношилсон Солонгосын Бусаны уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн эмч нар нутаг буцахын өмнө зөвлөгөө мэдээлэл өглөө.

“Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хуралд доктор У Зи Хан, Бусаны Иргэдийн хурлын төлөөлөгч Сун Сан Жан, И Жун Хан, Улаанбаатар дахь Солонгос-Монголын анагаах ухааны төвийн захирал, анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат эмч Л.Жамбалжав нар оролцов.

Оргил рашаан сувилалтай хаяа залгаа оршдог Улаанбаатар дахь Солонгос-Монголын анагаах ухааны төв 2002 онд БНСУ-ын тусламжаар байгуулагдсан. Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, эм барих, нөхөн сэргээх эмчилгээ явуулдаг. Солонгосын талаас мэргэжлийн эмч нар ажилладаг.

Монгол Улсад уламжлалт анагаах ухаан 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжсөн, 5,000 гаруй жилийн түүхтэй бөгөөд орчин үеийн эрүүл мэндийн салбарын нэг хэсэг юм. Өнгөрсөн 20 гаруй жилд Монголын уламжлалт анагаах ухааны салбарт томоохон эрдэмтэн, докторууд төрж гарч олон эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Дорнын анагаах ухаан улс орон бүрд өөрийн гэсэн онцлогтой хөгжиж ирсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Монголын уламжлалт анагаах ухаан.

Тэгвэл Монголын уламжлалт анагаах ухааны салбар Солонгосын уламжлалт анагаах ухааны салбартай хамтран ажиллаж иржээ. Үүний нэг нь Бусан хотын уламжлалт анагаах ухааны төлөөлөгчид хоёр жил тутам Монголд ирж туршлага солилцож, сургалт явуулж, иргэдийг үзлэгт хамруулдаг бөгөөд энэ жил 1,900 гаруй хүнийг үзэж, оношлон зөвлөгөө өгчээ.

Хүн амд нийтлэг тохиолдож буй өвчлөл нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай монгол орны онцлог, хүн хоол иддэгээс хамаарсан таргалалт, зүрх судасны өвчин, нуруу, үе мөчний өвчлөл байгааг эмч нар онцлов. Мөн витамины дутагдал, стресс бухимдлаас үүдсэн өвчлөл бараг хүн болгонд илэрч байна гэв.

Иймд хүнд хоолноос татгалзах, стресс бухимдлаас сэргийлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Харин хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар Бусаны Иргэдийн хурлын төлөөлөгчид хэлэхдээ “Бусан нь 3.5 сая хүн амтай, далайн боомт хот. Хүн ам нь өндөр насалдаг, үүний зэрэгцээ төрөлт багасаж, үргүйдэл их байгаад анхаарч ажилладаг.

Монголд ч бас ийм асуудал тулгамдаж байгааг бид судалж мэдсэн. Улаанбаатар хотын захиргаа энэ талаар анхаарвал, Бусан-Улаанбаатарын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэр дотроо уламжлалт анагаах ухааны чиглэлээр бидний зүгээс хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Зураг