Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болтыг ардаа орхисон тамирчин хоёр удаа сэргээш хэрэглэж байсан нь олны дунд эргэлзээ төрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ямайкийн домогт тамирчин Усайн Болтын спортын замналын сүүлчийн 100 метрийн уралдаанд нь түрүүлж, Дэлхийн аваргын алтан медаль зүүсэн АНУ-ын тамирчин Жастин Гэйтлингийг медалиа зүүхээр тавцан дээр гарахад үзэгчид эсэргүүцлээ илэрхийлэн шуугилдаж байжээ.

 Энэ уралдаанд Болт гуравдугаар байрт орж, хүрэл медаль зүүсэн юм. Лондоны стадионд цугларсан олон Америк эрд эргэлзэх болсон шалтгаан нь Гэйтлинг өмнө нь хоёр удаа сэргээшийн хэрэгт орооцолдон эрхээ хасуулж байсантай холбоотой.

Уралдааны дараа Усайн Болтын өмнө сөгдөж хүндэтгэл үзүүлсэн Гэйтлингийн аав Уилли Гэйтлинг “хүүгийнхээ хүч чадалд итгэлтэй” байгаагаа хэлээд шуугилдсан олонд хандаж “Эсэргүүцэж байгаа хүмүүс мэдээлэл олж үзэх хэрэгтэй. Миний хүү гэмт этгээд биш” хэмээн хэвлэлд ярьжээ.

Тэрээр хүүгээ бүрэн цагаатгагдсан, хүүхэд залуучуудын дунд үлгэр дууриал болох хүн гэсэн байна. Гэйтлинг 2001 онд амфетамин хэмээх бодис цуснаас нь илэрсэн тул хоёр жил эрхээ хасуулж байсан. Сүүлд давж заалдсаны дараа хориг нь нэг жил болж буурчээ. Дараа нь 2006 онд тестотерон илэрсэн шалтгаанаар бүх насаар уралдах эрхээ хасуулах гэж байсан ч сэргээшийн эсрэг албаныхантай хамтарч ажилласан шалтгаанаар найман жил болгон бууруулж байжээ.

2007 онд тэр дахин давж заалдсанаар тал хүртэл нь хоригийн хугацааг багасгаж байв.

Манай гарагийн хамгийн хурдан хүнд тооцогдож байсан Усайн Болт сүүлчийн ганцаарчилсан төрөлдөө түрүүлж чадалгүй, замналаа өндөрлүүлсэн нь түүний фэнүүдийг ихээхэн гонсойлгож, Гэйтлингийг хардахад хүргэжээ. Усайн Болт 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас хойш 100, 200 метрийн зайд бараг 10 жилийн турш босоо байсан юм.

 

Эх сурвалж: Reuters