Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Эхчүүд төрөөд удалгүй ажилдаа орох зэрэг олон шалтгааны улмаас эхийн сүүгээр хооллолт буурч байна"

ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүр  8 дугаар сарын эхний 7 хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Монгол Улс дэлхийн бусад орны нэгэн адил 1992 оноос эхлэн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. ЭМЯ, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол Судлалын Алба “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” аяны уриа жил бүр өөр утга агуулгатай байдаг. Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор дэлхийн 170 гаруй улс орон тэмдэглэж байгаа бөгөөд аяны хүрээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж ажиллах төр, хувийн хэвшлийн түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд буурч байгаа нь сэтгэл зовоосон асуудал болж байна. 2000-аад оны эхэн үед 90 хүртэл хувьтай байсан эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2010 онд 66.7 хувь хүрч, 2013 онд 47 хувь болж огцом буурсан байна.

 
Эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд ингэж буурах болсон нь эхчүүдэд үзүүлэх гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулж өгдөг бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаагийн улмаас эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүрэх зэрэг олон шалтгаантай  байна.

Эрүүл мэндийн яамнаас Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн идэвхтэй  дэмжлэгтэйгээр 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталсан юм. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль энэ 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихтэй холбоотой олон чухал асуудлыг бид энэ хуулиараа зохицуулж, хэрэгжүүлэх юм. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих асуудалд зөвхөн эхчүүд, эмч эмнэлгийн ажилтан үүрэг хүлээх биш, гэр бүл, хамт олон, ажил олгогч, хэвлэл мэдээлэл, сургалт эрдэм шинжилгээ, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг бүхий л салбарын  оролцоо дэмжлэг чухал юм.  

"Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжих сайн дурын амлалт” түншлэлийн уулзалтын зорилго нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих эв санааны илэрхийлэл болгож  “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих тунхаг”-т гарын үсэг зурах, мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд эхийн сүүгээр хооллолтыг дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох, бэхжүүлэхэд оршиж байгаа юм гэлээ.

 

Уулзалтад:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,
  • Гаалийн ерөнхий газар,
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар,
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар,
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллга,
  • НҮБ-ийн Хүүхдийн Сан,
  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
  • Монголын үндэсний худалдаа  аж үйлдвэрийн тэнхим,
  • “Маркет гейт” ХХК,
  • “Монгол эм импэкс” концерн,
  • “Чирон” ХХК,
  • “Абико” ХХК,
  • “Нано интернэйшнл” ХХК,
  • “Киндервелт монголиа” ХХК,
  • “Талх чихэр” ХК,
  • “Гоёо” ХК, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  

 

Эх сурвалж: ЭМЯ