Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөдөө гэр” төслийг танилцууллаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

"Хөдөө гэр" төслийг санаачлан зохион байгуулагчид өнөөдөр НҮБ-ын байранд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Уг төслийн зорилго нь тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд, байгалиа хамгаалагч малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон зах зээлд амжилттай нэвтрүүлэх ажээ.

"Монголчууд байгальдаа хамгийн ээлтэй, зүй зохистой амьдарч байсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Технож” Бизнес Инкубатор Төвийн захирал Г.Галаарийдий “Бид нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Хөдөө гэр” төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.

Монголчууд бид нүүдэлчин ахуй соёлоороо байгальдаа хамгийн ээлтэй, зүй зохистой амьдарч байсан.

Гэтэл өнөөдөр хүний хүчин зүйлтэй холбоотой бохирдол Монгол Улсын хэмжээнд гэлтгүй дэлхий нийтийн хэмжээнд маш их болж.

Энэ бүхнийг Монголчууд болон дэлхий нийтэд сурталчилж, байгальд ээлтэй хэв маягийг авч явж байгаа, байгаль ээлтэй нөхөрлөлүүдийг дэмжих замаар орлогыг нэмэгдүүлэх санаачлагыг гаргаж байна.

Аялж, зугаалж болно. Гол нь байгаль орчноо цэвэр ариун байлгах хэрэгтэй.

Тэгэхээр олон нийтэд байгаль хамгаалагч нөхөрлөлүүдийг дэмжиж, аялангаа хөрөнгө оруулалт хийгээрэй, энэ нь эргээд байгалиа хамгаалахад хувь нэмэр оруулах юм шүү гэдгийг уриалж байгаа юм” хэмээв.

Уг ажлыг НҮБ-ын Даян Дэлхийн Байгаль Орчны Сан голчлон дэмжиж байгаа юм байна.

"Нөхөрлөлүүд ойг сайн дураар хамгаалдаг. Улсаас дэмжлэг авч чаддаггүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар НҮБ-ын Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн төслийн үндэсний зохицуулагч Б.Ганбаатар “Манай улсад 1,600 гаруй байгаль хамгаалах нөхөрлөл байдаг.

Эдгээрээс 1,200 нь ойн нөхөрлөл. Бид сүүлийн жилүүдэд ойн нөхөрлөлүүд тус бүртэй нэлээд тулж ажиллаж, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлсэн.

Нөхөрлөлүүд ойг сайн дураар хамгаалдаг. Улсаас төдийлөн сайн дэмжлэг авч чаддаггүй.

Бусад орнуудын хувьд ойг эко жуулчлал хөгжүүлэхэд, мөн эмийн ургамал, гар урлалын зүйл үйлдвэрлэх зэргээр ойн баялгийг олон төрлөөр ашигладаг.

Харин манай улсад ийм зүйл байхгүй учраас энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд нөхөрлөл тус бүртэй тулж ажиллаж ирсэн.

Одоо илүү цэгцтэй тогтолцоонд оруулан, чиглэлүүдийг тодорхойлж, дэмжин ажиллах болно” хэмээн тайлбарлалаа.

Ойн нөхөрлөлүүд нь хүний хүчин зүйлтэй холбоотой зөрчлийг багасгах, өөрийн нутаг, байгалиа хамгаалах харуулын үүргийг сайн дураараа эрхлэн гүйцэтгэдэг ажээ.