Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын хэрэг яагаад нэмэлт мөрдөн байцаалтад буцах болов

Р.Саруул
2017 оны 8 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

-Хуулийнхан хий хоосон хэргийн араас орж, бүтэн хоёр жил гаруйн хугацаанд нэр бүхий хүмүүсийг хэлмэгдүүлсэн ял зэмд унаж ч болзошгүй байна- 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс одоогоос хоёр жилийн өмнө шинэ төмөр замтай холбоотой хэргээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ хэрэг өнөөдөр ямар шатандаа явж байгаа, хэргийн эргэн тойронд чухам юу болоод байгаа тухай мэдээлэл тун бага байна. 

Уг нь засаг төр солигдохоос өмнө хуулийнхан энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад ямар шинэ нөхцөл байдлууд үүссэн талаарх мэдээллийг тухай бүрд нь өгдөг байсан ч одоо цаг үе нь өөрчлөгдсөн бололтой.

Ямартай ч тус хэрэгт Б.Батзаяагаас гадна Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан БНСУ-ын иргэн, Ли Жонг Ёл, БНСУ-ын “Соён инженеринг” ХХК-д зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён нар холбогдсон билээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, сэжигтнээр татан шалгах болсон юм. 

Хэргийн учиг хаа хүрээд зогсох бол 

Дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн ч тус шүүх хэргийн материалтай нь танилцаад хурал хийлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг буцаах болсон шалтгаан нь тус хэрэгт дахин нэмэлт байцаалт хийх хэрэгтэй гэж үзсэнтэй холбоотой.

Ингээд тус шүүхээс гаргасан уг тогтоолыг улсын яллагч У.Дэндэвдорж, Б.Хурц нар эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч тусыг эс олсноор хэрэг ийнхүү нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Уг нь хэрэгт хяналт тавьсан прокурорууд мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн хэмээн үзэж эсэргүүцэл бичжээ. 

Харин одоо бүтэн хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан эл хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа бол гэдэг нь олны сонирхлыг татаж байна. Уг хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч нар болон прокурорууд ч хэргийг хангалттай шалгасан, нотлох баримтыг сайтар цуглуулж, хөдөлшгүй баримтыг олноор хавсаргасан гэдгээ шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ дурдсан байдаг. Гэтэл шүүх эл хэргийг яагаад нэмэлт мөрдөн буцаав гэдэг нь анхаарал татаж байна. Тухайлбал, олон нийтэд төдийлөн ил болоогүй, А.Гансүх, Д.Цогтбаатар нарын хавтаст хэрэгт авагдсан зарим хэсгээс цухас дурдъя.

Хавтаст хэрэгт ямар асуудлууд дурдагдсан бэ? 

Яллагдагч А.Гансүх нь Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн Концессын тухай хуулийн 6.1.2, 19.1 дэх заалтыг зөрчин Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан 1, 2 дугаар үе шатанд барих төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлүүлсэн.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэхээр, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа “Ухаа худгаас Гашуун сухайт” хүртэлх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжийг судлах ажлыг явуулаагүй.

“Энержи Ресурс рейл” ХХК нь БНСУ-ын Самсунг Си энд Ти буюу “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хамтарсан тушаал гаргасан.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил арав гаруй жил гацаж байгаа нь бодит үнэн

Ингэснээр 2013 оны 05 дугаар сарын 6-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлтой Монгол Улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулснаар “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “Монголын Төмөр зам” ТӨХК-иас бэлтгэл ажил болон нүүлгэлтийн зардалд олгосон 22.940.301.793 төгрөгийн санхүүжилтээс 10.382.000.371 төгрөгийг, Мөн гэрээний 5.4-д заасан Зам төмрийн чигжээс бэлтгэх, нийлүүлэх заалтын дагуу ажлын явцын төлбөрийн гэрчилгээ 10 хүртэл дугаартайгаар “ЭСТО” ХХК-иас хүлээн авсан чигжээс чулууны хэмжээг “МТЗ” ТӨХК-д 128.949 метр кубээр илүү тайлагнаж 8.453.935 ам.доллар буюу 15.118.044.903 төгрөгийг, ул шорооны ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гарган санхүүжилт авсан боловч далан шорооны ажлын туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Ийнхүү 17.491.450.145 төгрөгийн санхүүжилт илүү авснаас 7.674.745.454.060 төгрөгийг, ус зайлуулах байгууламжийн ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 18.544.361.128,43 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 9.920.771.690,00 төгрөгөөр баталгаажуулан санхүүжилтийг олгож “МТЗ” ТӨХК-иас илүү авсан санхүүжилтээс 8.923.589.438 төгрөгийг, гүүрний барилгын ажлын тайланг “МТЗ” ТӨХК-д гаргахдаа 22.553.288 ам.долларын ажил гүйцэтгэснээр санхүүжилт авсан боловч туслан гүйцэтгэгч нарын ажлыг 14.955.856 ам.доллараар баталгаажуулан олгож, зөрүү 7.597.432 ам.доллар буюу 13.012.653.983 төгрөгийг, нийт 55.111.034.150 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан хэмээн үзсэн.

Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Харин яллагдагч Д.Цогтбаатарыг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа Зам тээврийн сайд А.Гансүхтэй бүлэглэн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "Энержи ресурс рэйл” ХХК нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти буюу “Эс Си Ти И Си Эм” ХХК-тай Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх 267 километр урт төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах “ЕРС” гэрээг байгуулаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 91 дугаартай “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн хамтарсан тушаал гаргасан.

Улмаар 2013 оны 05 дугаар сарын 6-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёл-той Монгол улсын Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн хоорондын төмөр замтай холбоотой зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээг байгуулж улмаар “Эс Си Ти И Си Эм” ХХК нь “МТЗ” ТӨХК-иас олгосон санхүүжилтээс 55.111.034.150 төгрөгийн онц их хэмжээний хохирол улсад учруулсан. 

Бүтэн хоёр жил гаруйн хугацаанд дуншиж буй эл хэргийн үнэн, худал нь хэзээ тайлагдах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна

Яллагдагч А.Зориг нь Монголын Төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанийн төслийн хэлтсийн даргаар 2013 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байхдаа “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 6-ны өдөр “МТЗ” ТӨХК-тай байгуулсан Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих ажил гүйцэтгэх гэрээний 422-д “Газрын гадаргуугаас малтагдсан материалыг зайлуулах” ажлыг гүйцэтгэхээр заасан боловч “Эс Си Ти И Си Эм” ХХК-иас далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд уг ажлыг тусгаагүй, ажил гүйцэтгээгүй ажлын тайлан гаргаж өгөхөд албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй ажлын гүйцэтгэлээр хянаж баталгаажуулалгүй “Хөгжлийн банк”-аас 1.023.376 ам.доллар буюу 1.522.280.301 төгрөгийн санхүүжилтийг олгуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлджээ. 

Мөн А.Зоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар, Ли Жон Ёл-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Гу Дун Хёийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлж байжээ.. 

Ямартай ч бүтэн хоёр жил гаруйн хугацаанд дуншиж буй эл хэргийн үнэн, худал нь хэзээ тайлагдах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдаатай бодлогын нэг бол Гашуунсухайт чиглэлд MCS-ийн барьж байсан төмөр замыг төрийн мэдэлд авсан явдал.

Ингэснээр тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт үлгэр болж үлдэх шалтгааны болсон бөгөөд хэрэв төмөр зам ашиглалтад орсон бол өдийд Монгол Улсын эдийн засаг ингэтлээ доройтож, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах ганцхан гарцтай үлдэхээргүй байсан тухай эдийн засагчид тайлбарлан хэлж байсан удаатай. 

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил арав гаруй жил гацаж байгаа нь бодит үнэн. Тэгвэл энэ хэргийн учир зангилаа хэзээ тайлагдах бол. Тэр ч бүү хэл хуулийнхан хий хоосон хэргийн араас орж, бүтэн хоёр жил гаруйн хугацаанд дээрх нэр бүхий хүмүүсийг хэлмэгдүүлсэн ял зэмд унах вий гэсэн болгоомжлол ч үүсээд байна.

Зураг