Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Монголын худалдаа жилийн дотор 44.2 хувь нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Хятадын Худалдааны дэд сайд Чянь Кэмин ирэх сарын 26-30-ны хооронд Өвөр Монголын Хөх хотод Хятад-Монголын Экспо хоёр дахь удаагаа болох гэж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийжээ.

Тэрээр хоёр орны эдийн засаг, худалдааны зарим тоо баримтуудыг дэлгэсэн байна. Тухайлбал 2017 оны эхний хагасын байдлаар Хятад-Монголын худалдааны хэмжээ $3.1 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 44.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн 2017 оны зургаадугаар сарын байдлаар Монголд хийсэн Хятадын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт (non-financial direct investment-FDI) $4.1 тэрбумд хүрсэн нь Монгол улсын нийт FDI-ийн 30 хувь болж, Хятадыг тус улсын хоёр дахь том гадаадын хөрөнгө оруулагч болгосон байна.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд “Зам ба Бүс санаачилгын” хүрээнд Монгол улстай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Чянь сайд энэ үеэр илэрхийлжээ. Ирэх сард Хөх хотод болох хоёр дахь удаагийн Хятад-Монголын Экспо нь хоёр орны харилцааг хөгжүүлэх шинэ платформ болж байгааг мөн сайд онцолсон байна.

Экспо нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн корридорыг байгуулж, дэлхийн хөгжилтэй нэгдэн, харилцан ашигтай ажиллацгаая” гэсэн уриатай зохион байгуулагдах тухай Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүн Ай Лихуа хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. 2016 онд Хятад-Монголын худалдааны хэмжээ $4.61 тэрбумд хүрч, Монголын гадаад худалдааны 60 хувийг эзэлсэн байна.

Ингэснээр Хятад улс нь Монголын хамгийн том гадаад худалдааны түнш болж байгаа ажээ.

“Манай хамтын ажиллагааны механизм тасралтгүй сайжирч байна. Талууд Монгол-Хятадын засгийн газар хоорондын Эдийн Засаг, Худалдаа, Хамтын Ажиллагааны Хамтарсан Зөвлөлийг үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа” хэмээн Чянь Кэмин хэлээд Эрээн-Замын Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Хятад-Монголын чөлөөт худалдааны гэрээ байгуулах зэрэг асуудлуудыг судалж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Global Times