Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Янжмаа: Ургамлын харшлын өндөр идэвхтэй үе эхэлж байна

М.Баасандэлгэр
2017 оны 7 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Зуны улиралд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин ихэсдэг. Уг өвчин хэрхэн үүсдэг талаар болон эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар АӨСҮТ-ийн арьс харшлын их эмч С.Янжмаатай ярилцлаа.

-Харшил юунаас үүсдэг ямар өвчин юм бэ?

-Харшил гэдэг нь гаднын ямар нэгэн биетэд бие махбод хэт мэдрэг хариу урвал үзүүлэхийг хэлдэг. Харшлын өвчнүүдийг ерөнхийд нь амьсгалын замын харшлын өвчин болон арьсны харшлын өвчин гэж хоёр хувааж үзнэ.

Харшил үүсэх маш олон шалтгаан, хүчин зүйлүүд байдаг. Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс гэх мэтчилэн. Сүүлийн үед бидний амьдарч байгаа орчин, ажил мэргэжлийн онцлог, идэж байгаа хоол хүнс зэргээс шалтгаалж харшил үүсэх хүчин зүйлүүдийн тоо маш их болсон. Ихэвчлэн хүүхэд, залуучуудын дунд элбэг тархаад байна.

-Манайд ихэвчлэн ямар төрлийн харшлууд тохиолддог вэ?

-Амьсгалын замын харшлын хувьд ургамлын тоос тоосонцрын харшлын өвчин, гэрийн тоосны хачгийн харшил элбэг. Арьсны харшлын өвчнүүдийн хувьд чонон хорвос, хордлого харшлын дерматит, нарны харшил зэрэг элбэг байдаг.

-Харшлын өвчин бүрэн эдгэрдэг үү?

-Харшлын өвчин маш сайн эмчлэгддэг. Тухайн өвчтөнд ямар нэгэн зовуурь шаналгаагүй, ажил хөдөлмөрөө хэвийн хийх боломжтой. Гэхдээ харшил авсан зүйлтэйгээ ойр байх үед сэдрэх магадлал өндөр байдаг.

Тоосны харшилтай хүн тоостой газар очвол харшил хөдөлнө, идэхийг хориглосон хүнсээ идвэл харшил хөдөлнө. Тиймээс үүнийг бүрэн төгс эдгэрсэн гэж тооцох боломжгүй. Харшил нь эдгэрдэг биш эмчлэгддэг өвчин юм.

-Харшил улирлын чанартай өвчин гэгддэг. Энэ талаар?

-Хаврын улиралд ургамлын харшлаас сэргийлэх угтах эмчилгээ хийгддэг. Энэ эмчилгээнд хамрагдсанаар ургамлын харшил эрс багасах, хөдлөхгүй байх боломжуудыг олгодог. Тиймээс дархлаа заслын эмчилгээг хаврын улиралд хийнэ. Харин намрын улиралд өвс ногоо хатаж хүмүүсийн ургамлын харшил намддаг учир ургамлын харшлаар үзүүлэх хүний тоо эрс багасдаг.

-Зуны цагт иргэд ямар харшлаар хамгийн түгээмэл өвчилж байна вэ?

-Улирлын шинж чанартайгаар манай төв дээр амьсгалын замын харшлын өвчтэй хүмүүс маш ихээр үзүүлж байгаа. Тэр дундаа хог ургамал буюу шарилжийн харшилтай хүмүүсийн харшил одоо ид үедээ хөдөлж байгаа. Эдгээр хүмүүс эмчид үзүүлж, шинж тэмдэг зовууриа хэлээд эмчилгээний аргуудаас тохиромжтойг нь сонгон хэрэглэж байна.

-Одоо харшил намдаж байгаа юу?

-Арай болоогүй. Долоодугаар сарын 15-с есдүгээр сарын 1-ний хугацаанд хүмүүсийн ургамлын харшил хөдлөх шинж тэмдэг нь хамгийн хурц үедээ байдаг.

-Харшлын шинж тэмдэг илрэхэд дур мэдэн харшлын эм хэрэглэдэг. Үүний сөрөг нөлөө нь юу вэ?

-Ямар оноштой хүн байх, хэдэн настай байх, хөхүүл жирэмсэн эсэх гэдгээс хамаараад эмч эмийн сонголтоо хийдэг. Түүнээс гадна эмийн тунг тааруулах асуудал яригдана. Тиймээс эмчийн зааваргүй эм хэрэглэх нь эрсдэл дагуулж байдаг.

-АӨСҮТ-д эрүүл мэндийн даатгалаар хэрхэн эмчлүүлэх боломжтой вэ?

-Иргэд эрүүл мэндийн даатгалаараа манай төв дээр үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бүрэн бөглөсөн, зураг наасан байх шаардлагатай.

Зураг