Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн"

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бага хурлын гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар хэвлэлийн хурал хийж, эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулж байгаа талаар мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр МАН-ын бага хурлын гишүүд, дэмжигчдээс бүрдсэн 200 орчим хүн МАН-ын төв байр болох тусгаар тогтнолын ордоны өмнө суулт зарлаад байна. 

 МАН-ы бага хурлын гишүүн Л.Атар "Бид түрүү долоо хоногт эсэргүүцлийн хөдөлгөөн зарлаж байгаагаа мэдэгдэж, нэг шаардлага нэг уриалга гаргасан. МАН-ын дотоод ардчилал, бодлогын алдаа, удирдлагуудын чансаагүй байдлыг шүүмжилсэн.

Намаа зөв гольдролд оруулах, өнөөгийн намын удирдлагууд жирийн гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, алдаа дутагдлыг ойлгох талаар уриалга гаргаж шаардлага хүргүүлж үзэл бодлоорооо нэгдсэн хүмүүс.

Өнөөдөр бид дараагийнхаа шатанд шилжиж тайван цуглааныг эхлүүлээд байна. Харамсалтай нь Сүхбаатар дүүрэгт гурав хоногийн өмнө мэдэгдлээ хүргүүлсэн боловч одоо хүртэл зөвшөөрөл ирээгүй.

Тийм учраас бид хууль дүрмийнхээ хүрээнд тайван суулт хийж байна. МАН-ын удирдлагууд шат шатны байгууллагууд өөрсдийн эсэргүүцлийнхээ зорилгыг танилцуулж байгаа. Олон хүн биднийг дэмжиж ирж байна.

Бидний ард хэн ч байхгүй, бор зүрхээрээ нэгдсэн хүмүүс суулт хийж байна.

МАН-ын дарга намынхаа бага хурлыг есдүгээр сард хуралдуулж, намын даргаа сонгох талаараа мэдээлсэн.

Тэгвэл намын их хурлын ажын хэсгийг байгуулахдаа эсэргүүцлийн хөдөлгөөний тодорхой тооны хүмүүсийг ажлын хэсэгт оруулах цаашлаад бидэнд квот олгох, хурлаа нээлттэй хийхийг бид шаардаж байна.

Мөн МАН-ын удирдах зөвлөлийн 50 хувьд намын анхан шатны байгууллагын төлөөллийг оруулах шаардлагыг дүрмийн хэмжээнд тавьж байгаа.

Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хөдөлгөөнөө дараагийн хурц хэлбэрт шилжүүлэхэд бэлэн гэдгээ хүмүүс маань илэрхийлж байна.

Гэхдээ намынх нь эд эс, намын жирийн гишүүдээ үзэл бодлоо илэрхийлээд сууж байхад хөдөлгөөнийг хурц хэлбэрт шилжүүлэхгүй байх гэж найдаж байгаа" гэлээ.  

Фото