Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэглэлд элссэн Герман охин гэртээ харихыг хүсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэлд нэгдэхээр Ойрх Дорнодыг зорьсон өсвөр насны Герман охин Иракийн армид олзлогдоод байгаа бөгөөд гэртээ харих хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ.

Дрездений дэргэдэх Пулсниц хэмээх жижиг хотоос дөрвөн эмэгтэй Исламын улсад нэгдэхээр хэдэн жилийн өмнө явсны дотор 16 настай охин багтаж байв. Тэгвэл уг охин Мосул хотыг чөлөөлөх үед олзлогдож, шоронд хоригдож байгаа ба консулийн газартайгаа холбоотой байгааг Der Spiegel сэтгүүл мэдээлжээ.

Ирак дахь Германы хэвлэлийнхэн Линда нэртэй уг охинтой Багдадад ярилцлага хийснээ дамжуулсан байна. Тэрээр “Би эндээс явмаар байна. Дайнаас, зэр зэвсгээс, дуу чимээнээс холдмоор байна” хэмээн ярьжээ.

Линда гэртээ харих хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлсэн байна. Тэр Исламын улс бүлэглэлд нэгдсэндээ харамсаж, Германы эрх баригчидтай хамтран ажиллах хүсэлтэйгээ ярьжээ.

Линда зүүн гуяндаа сумны шархтай, баруун өвдөг нь гэмтэлтэй байгаа гэнэ.

Ирэх долоо хоногт Иракийн тал түүнийг байцаах гэж байгаа юм.

Линда нь Исламын улсын цагдаад ажиллаж байжээ. Хуулийн дагуу Линдад Иракийн шүүхээс үхлийн ял оноох ёстой. Гэвч 22 нас хүрээгүй хүнийг цаазалдаггүй хууль байдаг аж.

Өөрөөр хэлбэл 22 нас хүртэл нь хорьсны дараа цаазална гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт анх залуу Герман бүсгүйн Иракийн цэргүүдтэй хамт байгаа гэрэл зураг интернэтээр тархсан ч хэн болохыг нь тогтоогоогүй байв.

Линда онлайн сүлжээгээр танилцсан Араб эртэй Исламын улсад ирснийхээ дараа гэрлэсэн байна.

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагааны үеэр нийт 26 гадаадын иргэн баривчлагджээ.

Тэдний 2 нь эрэгтэй, 16 нь эмэгтэй, найман хүүхэд байгаа юм. Харьяаллын хувьд Чечень, Орос, Иран, Сири, Франц, Бельги, Германы иргэд байгаа ажээ.

Иракийн шүүхийн шийдвэр гарсны дараа Линдаг Германд шилжүүлж авахаар эрх баригчид хөөцөлдөж эхэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press