Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

12 орны залуу судлаач оролцох Монгол судлаачдын зуны сургууль эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Залуу монгол судлаачдын зуны сургууль" эхэллээ.

Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах явдал юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно.

2017 оны залуу Монгол судлаачдын зуны сургуульд Орос, Швейцар, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Энэ удаагийн зуны сургуулийг Монгол ахуй, Монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна.

Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсоно.
Гэрэл зургууд

Монгол судлаачид бол Монгол орон, Монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог.

Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна.

Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол Улсын Их Сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байгаа ажээ.