Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхааруулав

Б.Ану
2017 оны 7 сарын 24
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай Тэмцэх Газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан талаар Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлжээ. 

Энэ уулзалтаар сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалцах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг Ерөнхийлөгч Х.Баттулга онцлон сануулсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуужээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан  бөгөөд 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асуусан байна. 

Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэлсэн гэж албаны мэдээлэлд дурджээ. 

Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаарджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "60 тэрбумын" гэх бичлэгт төрийн 3,300 албан тушаалыг наймаалцах талаар дурдсан байдаг. Гэвч одоогоор төрийн 22 мянга гаруй албан тушаал солигдоод байна.

Тиймээс ч асуудлыг зайлшгүй шалгах ёстой бөгөөд энэхүү дуулиант бичлэгийг Ц.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс АНУ руу шалгуулахаар явуулахад тасралтгүй буюу эвлүүлэггүй бичигдсэн бичлэг болохыг тогтоогоод байна. 

Ийм байтал Авлигатай Тэмцэх газраас одоо хүртэл энэ хэргийн талаар дорвитой шалгалт хийгдээгүй байна. 

Бичлэг