Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Унаач хүүгийн нислэгийн зардлын 10 хувийн төлбөрийг хэн төлөх нь тодорхойгүй байна гэв

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 21-ний өдөр 13 настай унаач хүү Л.Баасандорж Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд оролцож байгаад мориноос унаж гэмтсэн талаар мэдээлэл гарсан  билээ.

Хүүхэд мориноос унаж, бэртсэн тухай мэдээллийг тус сумын Засаг Даргын Тамгын Газраас албан бичгээр ЭМЯ-д мэдэгдэж түүнийг автомашинаар тээвэрлэх боломжгүй тухай дурдсан байсан юм.

 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Завхан аймгийн Түдэвтэй суманд хүүхэд мориноос унасан мэдээ ирсэний дагуу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Эрүүл мэндийн сайд албан ёсны захирамж гаргаагүй. Гэхдээ Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нар Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар ч мөн эмчилгээнд оролцсон" гэлээ. 

Одоогоор Л.Баасандорж хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тархины хагалгаанд оржээ. Түүнийг Завхан аймгаас Улаанбаатарт ирэхэд Blue Sky Aviation компаниас нислэг үйлдэж тусалсан талаар бид мэдээлсэн.

Энэ тухайд тус компанийн Зорчигч үйлчилгээний ажилтан н.Одсүрэнтэй холбогдоход "Манай байгууллага  түргэн тусламжийн нислэг тогтмол үйлддэг. Манайд Завхан аймгийн Түдэвтэй суманд хүүхэд мориноос унаж бэртсэн тул газраар тээвэрлэх боломжгүй байгаа талаар мэдээлэл ирсэн.

Бид үүний дагуу 10,401 ам.доллларын нислэгийг энэ сарын 22-ны өдөр 14:40 минутад үйлдэж Улаанбаатарт 20:30 минутад газардсан.

Нислэгийн үнээс 90 хувийг нь хөнгөлсөн. Гэнэтийн аваар ослын үеэр хандсан хүмүүст бид шуурхай үйлчлэхийг зорьдог. Түүнээс огт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэггүй гэдгийг онцлон хэлмээр байна" гэв. 

Дашрамд сонирхуулахад нислэгийн төлбөрийн 10 хувийн төлбөр одоогоор төлөөгүй бөгөөд хэн төлөх нь тодорхойгүй байгаа талаар Blue Sky Aviation компанийн эх сурвалж дурдлаа.