Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Иордан дахь Израйлийн элчинд буудалцаан боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Иорданы нийслэл Амман хот дахь Израйль улсын элчин сайдын яаманд буудалцаан болж, хоёр Иордан хүн алагдан, нэг Израйль хүн шархдсан хэрэг хэдхэн цагийн өмнө гарлаа.

Хоёр Иордан хүн нь тавилгын компанийн ажилчид байсан ба буудалцаан болохоос өмнөхөн ажлаар элчин сайдын байранд нэвтэрсэн байна.

Яг ямар шалтгаанаар буудалцаан болсон нь тодорхойгүй байгаа юм. Аюулгүй албаныхан элчин сайдын яамны байрыг битүүмжилж, элчингийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлжээ.

Иорданы цагдаа хэргийг шалгах ажил дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна. Арабын энэ оронд байрлах Израйлийн элчин сайдын яам нь хатуу чанга хамгаалалтаараа алдартай.

Өнгөрсөн Баасан гарагт Амман хотод олон мянган Иорданчууд Израйлийн эсрэг жагсаал хийсэн нь муслим болон жүүд хүмүүсийн хувьд ариун газарт тооцогддог зүүн Иерусалемд металл илрүүлэгч байрлуулсантай холбоотой байв. 1949-1967 онд зүүн Иерусалемыг эзэлж байсан Иордан улс өөрсдийгөө уг ариун газрын хамгаалагч гэж үздэг.

Энэхүү ариун газарт Израйлийн хоёр цагдаа алагдсаны дараа эрх баригчид металл илрүүлэгч байрлуулж, мөргөлчдийг шалгах болсон нь сүүлийн өдрүүдэд Израйль, Палестиний сөргөлдөөнийг эрчимжүүлээд байна.

Ариун газарт хүрэх зам дагуу хяналтын камер мөн байрлуулаад байгаа юм.

 

Эх сурвалж: BBC