Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хог хаяж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг торгох хэмжээ нэмэгдсэн"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
 

“Монгол Улс дахь үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяртай ярилцлаа.

-Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулсанаар ямар түвшинд очих вэ?

-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан Үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлыг сайжруулах төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2017-2020 оныг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-д өргөн барьсан. Энэхүү дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрүүдийг төлөвлөсөн хогийн цэгүүддээ байгуулахаар зорьж ажиллаж байна. 

Мөн 2017-2020 онд багтааж хог хаягдлыг шатааж эрчим хүч гаргах, хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн орчныг сайжруулах, ангилан ялгалтыг хийх зэрэг томоохон зорилтуудыг тавьсан.

Одоогоор захын дүүрэг, хорооллуудад хог хаягдлын тээвэрлэлт, ачилт хангалтгүй байгаа. Энэ тал дээр бид анхаарч, шинэ түвшинд гаргах болно.

-Хог хаягдлыг ангилан ялгах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хог хаягдлыг ангилан ялгахад төсөв санхүүгийн хувьд нэлээдгүй их хөрөнгө мөнгө шаарддаг байгаа. Бид 2017 ондоо багтаж хоёр хороог хог хаягдлыг ангилан ялгадаг жишиг хороо болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэ нь цаашдаа үе шаттайгаар явагдана. 

-Дахин боловсруулах үйлдвэр баригдана гэж байна. Энэ тал дээр?

-Өнөөдөр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй 17 аж ахуйн нэгж байна. Жишээлбэл, Нарангийн энгэрийн хогийн цэг, Цагаан давааны хогийн цэгүүдэд "Эко парк" төслийг хэрэгжүүлнэ. Тэндээ хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлэх ажлыг хийнэ. 

-Улаанбаатар хотод жилд хэр их хэмжээний хог хаягдал гарч байна вэ?

-Улаанбаатар хот маань жилээс жилд өргөжин тэлж, хүн ам өсч байна. Энэ хэмжээгээр Улаанбаатар хотоос гарах хог хаягдлын хэмжээ ихсэж байна. Өнгөрсөн онд 1.1 сая тонн хог хаягдал төлөвлөсөн хогийн цэг дээр буулгагдсан.

Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс хамгийн их хог хаягдал гарч байгаа. Тиймээс энэ хоёр дүүрэг дээр төвлөрч ажиллаж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт Цагаан давааны хогийн цэг, Нарангийн энгэрийн хогийн цэгүүдийг байгуулсан байгаа. 

-Өндөр хөгжилтэй орнууд хог хаягдлыг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ? Манайд дүйцэх ажлууд хийгдэж байгаа юу?

-Хог хаягдал нь байгальд маш сөрөг үр дагавартай. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж эхэлж байна. Энэ жишгийн дагуу бид Улаанбаатар хотод хог хаягдлыг шатааж, эрчим хүч дулаан гаргах чиглэлийн үйлдвэрийг байгуулах зорилт тавин ажиллаж байна.

-Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан байгаа. Ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Шинэчлэгдсэн хууль нь өмнөх хуулиасаа нэлээн онцлогтой. Дэлхий нийтэд хог хаягдлын талаар баримталж байгаа бодлоготой их уялдсан. Ялангуяа хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, байгалийн нөөц баялгийг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтой хууль юм. Товчхондоо хогийг дахин боловсруулж, ашиглаж, мөнгө болгох зорилготой.

-Зөвшөөрөлгүй хог хаяж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Шинэчилсэн хуульд зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хог хаяж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг торгох торгуулийн хэмжээ нь нэмэгдсэн. Бид хуулийн дагуу хариуцлагыг тооцно.