Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ганбаатар: Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж, ажлаа өгөхийг шаардаж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын бага хурлын гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар хэвлэлийн хурал өнөөдөр хийлээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар "Бид МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам.

Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой. Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан.

МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш.

Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа.

Иймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна

Зөвхөн нэг хүнтэй хариуцлага тооцоод дуусахгүйгээр уриалга гаргана. Намын жирийн гишүүдийн оролцоог хангаж ажиллана. 

Энэхүү уриалгыг шат шатны намын байгууллагууд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудад хандаж гаргаж байна.

Хариуцлагатай хамтын ажиллагааг хангаж ажиллах тус уриалганд МАН-ын удирдах зөвлөлийн 50 хувийг анхан шатны байгууллагаас хүний нөөцөөс бүрдүүлэх журмыг бий болгож, намын бага хурлаар хэлэлцүүлэхийг шаардаж байна" гэлээ. 

МАН-ын 220 гишүүд намаа шинэчлэгдэх цаг нь болсон гэж үзэж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

МАН-ын гишүүн Ш.Батсуурь "Намайг хүмүүс МАН-ын гишүүдийн дунд сууж байхаар гайхаж хараад байх шиг байна.

Миний өвөө Г.Баатар гэдэг хүн 1945 онд МАН-ын гал улаан батлахаа цэрэг гитлийнхээ зүүн талын карманд зүрхэн тушаа газраа хийн, эрхэмлэн нандигнаж эх орон тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлаж чөлөөлөх дайнд тулалдаж явсан МАН-ын эгэл жирийн гишүүн.

Миний аав ч мөн адил. Энэ эрхэм хүмүүсийнхээ хийж байсан үйлийг үргэлжлүүлж 2008 онд би МАН-ын гишүүн болсон.

Гишүүн болсон цагаасаа намынхаа ажилд өөрийнхөө хэр хэмжээгээр оролцож ирсэн. 96 жилийн түүхтэй намаа өдрөөс өдөрт уруудан доройтож, ялзрахыг зүгээр хараад сууж чадахгүй.

МАН ард түмний нам байхаа болисон. Дарга сайд ах дүү хамаатан саднаараа нийлсэн албан тушаал горилсон олигархуудын нам болсон.

МАН-ын 220 гишүүд намаа шинэчлэгдэх цаг нь болсон гэж үзэж байна.

МАН-ын мянга мянган гишүүддээ бидний эхлүүлж байгаа шинэчлэлийн хөдөлгөөнийг дэмжихийг уриалж байна" гэв.