Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Богино банзалтай” Саудын Араб эмэгтэйг шийтгэлгүй суллажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт богино банзал өмссөн бүсгүйн видео дүрс сошиал сүлжээнд тарсны дараа Саудын Арабын цагдаа түүнийг эрэн сурвалжилж баривчилсан юм.

Исламын шашны хатуу хуулийг сахидаг тус оронд хагас нүцгэн эмэгтэй чөлөөтэй алхаж байгааг харуулсан нь байж боломгүй үзэгдэл хэмээн үзэж, иргэдийн дунд маргаан дэгдээд байв. Гэвч эмэгтэйг Мягмар гарагт цагдаа нар баривчилсны дараа Саудын Арабын сошиал ертөнцөд түүнийг өмөөрсөн хөдөлгөөн өрнөсөн байна.

Тэд өнгөрсөн сард тус улсад айлчилсан АНУ-ын ерөнхийлөгчийн эхнэр Меланиа, охин Иванка нарын хувцаслалтыг харьцуулж, гадаадын иргэд өмсөж болдог, Сауди эмэгтэй өмсөж болдоггүйн ялгааг тайлбарлахыг эрх баригчдаас шаардаж байлаа. АНУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлийн хатагтай нар исламын хуулиас гадуур хувцасласан байсан ч Саудын хэвлэл мэдээллийнхэн тэдний гоо үзэсгэлэнг магтсан үгсийг тухайн үед урсгаж байсан юм.

Харин сошиал сүлжээний давалгааны дараа Лхагва гарагт Саудын цагдаа баривчлагдсан эмэгтэйг сулласан тухай мэдээлжээ. Сулласан шалтгаанаа “видео дүрсийг өөрт нь мэдэгдэлгүй хэн нэгэн сошиал сүлжээнд нийтэлсэн” гэж эмэгтэй мэдүүлсэн учраас хэмээн тайлбарласан байна.

Цагдаагийн газрын мэдэгдэлд “Эмэгтэйд ямар нэг шийтгэл оноолгүй суллаж, хэргийг хаасан” гэжээ.

Шариатын хатуу хуультай Саудын Арабт эмэгтэй хүн биеэ ил гаргасан хувцас өмсөх хориотой, машин жолоодох ч хориотой байдаг юм.

 

Эх сурвалж: Independent