Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын дүрвэгч: Өмнөдөд өнгөрүүлсэн өдөр бүр там шиг байсан

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост дүрвэж ирээд телевизийн шоуны од болж байсан эмэгтэй өнгөрсөн Ням гарагт Хойд Солонгосын телевизээр гарч, “капиталист Өмнөд Солонгос”-ыг муулж эхэлсэн нь хүмүүсийг гайхшруулж байна.

Лим Жи Хюн хэмээх 20 гаруй насны бүсгүй анх 2014 онд Сөүлд дүрвэж ирсэн бөгөөд удалгүй нэгэн телевизийн шоунд Хойд Солонгосын дүрвэгчдийн төлөөлөл болон оролцож, олны танил болсон юм.

Тэгвэл түүний видео яриа өнгөрсөн Ням гарагт Пёньяны үзэл суртлын сувгаар цацагджээ. Тэрээр эх орондоо ирсэндээ баяртай байгаа, Өмнөдөд хэрхэн зовж байснаа дэлгэрэнгүй ярьсан байна.

Лим бүсгүй Өмнөд Солонгост “өнгөрүүлсэн өдөр бүр там шиг байсан” гээд капиталист орны сайхан амьдралын тухай төсөөлөл нь бүрмөсөн замхарсан гэжээ. Тэрээр өнгөрсөн сард Хойд Солонгост эргэж ирсэн, одоогоор тус улсын баруун хэсгийн Анжу хотод эцэг, эхтэйгээ амьдарч байгаагаа ярьсан байна.

Лим өөрөө сайн дураар Хойд руу буцав уу, эсвэл Пёньяны талд хулгайлагдав уу гэсэн асуудал Сөүлд ид яригдаж байгаа юм. Түүнийг гэр бүлтэйгээ уулзахаар Хятад-Хойд Солонгосын хилд очиход нь хулгайлсан байж болзошгүй хэмээн зарим хэвлэлүүд бичжээ.

Лимийн гэр орон, банкны дансыг нягталсан Сөүлийн цагдаа түүнээс хаа нэгтээ явах гэж байсан гэх шинж тэмдэг илрээгүйг мэдээлсэн байна. Уламжлалт үндэсний хувцсан дээрээ их удирдагч нарынхаа дүртэй тэмдгийг зүүсэн Лим Өмнөд Солонгосын хүнд хэцүү амьдралаа дурсаж, тэнд мөнгө бүхнийг шийддэг хэмээн ярьж байгаа юм.

Сөүлд жүжигчин болохоор очсон ч түүний төсөөлж байснаас тэс өөр ертөнц угтсан гэж тэр мөн ярьжээ.

“Өмнөдөд өнгөрүүлсэн өдөр бүр там шиг байж, шөнө болгон эх орон, эцэг эхээ санан уйлдаг байсан… тэнд БНАСАУ-ын тухай гүтгэлэг, муу муухай зүйл ярихаас өөр арга байгаагүй” хэмээн Лим хэлсэн байна.

Ким Жон Ун төрийн эрхэнд гарсан 2011 оноос хойш Хойд Солонгосын хилийн хамгаалалт эрс чангарч, дүрвэгсдийн тоо буурсан юм. Мөн хил давуулж өгөхөд зуучилдаг этгээдүүдийн үнэ ханш ч огцом нэмэгдсэн гэх мэдээлэл бий.

 

Эх сурвалж: South China Morning Post