Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Лин Рэнбүчи: Хүсэл минь биелж Монгол оронд ирсэндээ баяртай байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

XIV Далай ламын Ёнзон багшийн VII дүр Лин Рэнбүчи Монгол Улсад анх удаа өнөөдөр айлчлан ирлээ. 

Ёнзон багш Лин Рэнбүчи  Данзан Лүндог Пэрэнлэйчодов хувилгаан бээр өмнөд Энэтхэг дэх Брэйвүн хийдийн Шашны их сургууль Лосалин дацанд Буддын гүн ухаанд суралцаж Гавжийн зэрэг хамгаалсан байна.

Эдүгээ Тарнийн их сургууль Жүдо Дацанд тарнийн уламжлалд үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд Дээрхийн гэгээн XIV Далай ламын итгэл найдварыг хүлээсэн Энэтхэг дэх Буддын шашны ирээдүй болсон эрдэмтэй залуу лам билээ.

Айлчлалынхаа үеэр тэрбээр хэвлэлийн бага хурал хийж Монгол түмэнд хандаж үг хэллээ.

Лин Рэнбүчи "Монгол Төвөд хоёр улс нь эртний холбоотой. Энэ холбоо нь бидний шашин, соёл, өв уламжлал, харилцаа гэх мэт номын ариун холбоотой байсан гэдгийг түүх гэрчилнэ.  Төвд орон өөрийн тусгаар тогтнолыг алдсан хэдий ч бурхны шашин гэх энэхүү ариун зүйлээ хадгалсаар ирсэн.

Монголын олон лам нар Төвөд оронд бурхан шашныг судлах гэж ирсэн байдаг. Монгол Төвөд хоёр улсын харилцааны бас нэг том илрэл бол дөрөвдүгээр дүрийн Далай лам Монголд Монгол хүн болж мэндэлж байсан. 

Миний хувьд Монгол оронд очиж үзэх юм сан гэсэн хүсэл их байсан. Түүнчлэн Монгол оронд морилох хэрэгтэй, шашин номын тусыг хүргэх хэрэгтэй гэж олон нэр хүндтэй лам нар санал болгож байсан. Хүсэл минь энэ жил биелж Монгол оронд ирж бурхан шашны сүсэгтэн олонтой уулзаж, бурхны шашныг таниулан дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байна" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Лин Рэнбүчи Монгол Улсад наймдугаар сарын 4-ийг хүртэл айлчлах юм.

Айчлалын үеэрээ тэрбээр сүсэгтэн олонд зориулж дараах номуудыг үнэ төлбөргүй айлдана.

  • Долоодугаар сарын 20-нд 10:00 цагаас Гандантэгчэнлин хийдэд морилно
  • Долоодугаар сарын 23-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэ мандал хийдэд "Мөрийн гурван эрхэм" ном айлдана
  • Долоодугаар сарын 31-нд 10:00 цагаас Корпорейт Конвэйншн концертын танхимд Аюуш бурхны Насны авшиг хайрлана
  • Наймдугаар сарын 3-нд 10:00 цагаас Гандантэгчэнлин хийдэд номын айлдвартай.
Сүсэгтэн олонд эдгээр номын айлдваруудад хүрэлцэн ирэх нь нээлттэй байна.