Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Суудлын машин дээр 40 тонны чингэлэг унасан хэргийг ЦЕГ шалгаж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг "приус" маркийн автомашин дээр унаж дотор нь зорчиж байсан 5 хүнийг гэмтээсэн харамсалтай хэрэг энэ сарын 16-нд гарсан билээ. 

Энэ хэргийг шалгах үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад ослын шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй, ЦЕГ-аас шалгаж байгаа гэлээ. Урьдчилсан байдлаар чингэлгийг ачиж явсан том оврын машины тормоз ажиллахгүй байсан гэсэн дүгнэлт гарсан байгаа аж.

Харин осол хийсэн жолоочид ямар арга хэмжээ авах талаар тодруулахад энэхүү хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.

Ослын талаар эргэн сануулбал, тухайн өдөр иргэн М эхнэр, 3 хүүхдийн хамт эмийн сан орохоор явж байсан бөгөөд  Баянхошууны тойрог дээр гэрлэн дохио хүлээн зогсож байтал эсрэг урсгалаас 40 тонны контейнэр ачсан том оврын "шаланз" маркийн машин хурдтай явж байгаад тэнд зогсож байсан өөр машинтай мөргөлдөж, хүчтэй зогссон байна. 

Улмаар том оврын машин дээр ачсан байсан дүүрэн ачаатай чингэлэг нь приус машин дээр унах үед машин жолоодож явсан аав, урд сууж явсан 15 настай том хүү, 3 настай дүүгийн хамт гурвуулаа дарагдсан. Тухайн үед ажлаасаа бууж явсан аврагч залуу таарч, машины хойд суудалд явсан эхнэр болон 7 сартай нярайг гарган авсан бол урд суудалд явсан аав хүү гурвын дээрээс дарсан чингэлгийг салгаж чадалгүй хоёр цаг болсон юм.

Тодруулбал, 40 тонны чингэлэг дотор дүүрэн дугуй ачсан байсан тул дотор нь ачсан дугуйг 2 цагийн туршид буулгасны эцэст аврах ажиллагаа явагдсан байна. Эцэст нь кран авчирч өргөжээ.

Одоогийн байдлаар гэр бүлийн гишүүд бүгд тархи, нуруу нугасны гэмтэлтэй гар хөл нь хугарсан ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Дүүгээ тэвэрсэн 15 настай хүүгийн уушиг нь бяцарч, хөл нь хугарсан тул сэхээний тасагт ухаангүй 2 хонож ухаан ороод байгаа ажээ.