Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бахытгүл: Захиргаа хүчтэй гэдэг ойлголтыг шүүх халлаа

ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Х.Бахытгүл 20 шахам жил төрд зүтгэсэн жирийн албан хаагч. Ажлаасаа хууль бусаар халагдсан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхээр эрхээ хамгаалуулсан тэрбээр шүүхийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ.

- Та ямар хэрэг маргааны улмаас шүүхээр үйлчлүүлэх болов?
- Би улсад 17 жил ажилласан төрийн захиргааны албан хаагч. Аймгийн Засаг даргын тамгын газарт гадаад харилцаа, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт хариуцан ажилладаг байлаа. Гэтэл 2015 оны наймдугаар сард Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн батлахдаа миний ажлын орон тоог цомхотгож, чөлөөлсөн. Энэ хууль бус үйлдлийг залруулахыг хүсч Төрийн албаны салбар зөвлөлд хандахад шийдвэрлэж өгөөгүй. Тиймээс Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, эрхэлж байсан орон тоонд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан. Мөн бүтэц, орон тоо баталсан захиргааны акт хууль бус учраас аймгийн Засаг даргын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан.

- Шүүх ямар шийдвэр гаргасан бол?
- 2016 оны наймдугаар сарын 01-ны өдөр шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан.

- Байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөхөд олон хүн ажлаас халагдаж, албан тушаал буурдаг. Шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах нь цөөн. Та шүүхэд хандахдаа хэр итгэлтэй байв?
- Өмнө нь би хууль, хяналтын байгууллагаар огт явж үзээгүй. Тийм шаардлага ч гарч байгаагүй. Гэхдээ төрийн албан хаагч учраас миний эрх зөрчигдвөл хамгаалдаг хуулийн байгууллага, үнэн худлыг тогтоодог шүүх засаглал байдаг гэдгийг мэднэ. Захиргааны хэрэг нь захиргааны байгууллага, иргэн хоёрын дунд үүсдэг маргаан. Захиргааны байгууллага жирийн иргэнээс хүчтэй гэдгийг ч мэдэж байсан. Гэхдээ шүүх аль нэг талыг баримталдаггүй, хараат бус гэдэгт итгэсэн учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. 
 
- Шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж байхад ойр дотныхон тань хэрхэн хандаж байсан бол. Тантай адил шүүхэд итгэж байсан уу?
- Шүүх нэг талд үйлчилдэг гэх яриа зарим хүний дунд байдаг. Танил нөхөд маань, зарим ах дүү нар минь "Захиргааны байгууллага хүчтэй. Та маргаад дэмий, цагийн гарз” гэдэг ойлголтыг өгч байсан. Гэвч би намайг ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль бус гэдэгт бүрэн итгэлтэй байсан учраас зориг гаргаж шүүхэд хандсан.
  
- Та өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй гэсэн. Шүүх хуралдааны явц танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
- Анх нэхэмжлэл гаргачихаад шүүхэд очиход өөртөө эргэлзэх мэдрэмж төрж байсан. Шүүгчийн туслах надад бүх мэдээллийг өгсөн учраас түвэг байгаагүй. Гэхдээ шүүх хурал болдог өдөр шүүгч хар нөмрөгтэйгээ шүүх хуралдааны танхимд ороод ирэхэд цочсон. Шүүх хуралдааны дүрмийг танилцуулаад, нэхэмжлэлийн үндэслэлээ танилцуул гэхэд жаахан сандарсан. Гэхдээ эрхээ хамгаалуулах гэж ирсэн учраас сандрах хэрэггүй гэж өөрийгөө зоригжуулсан учраас тайвширсан хэрэг. Дараа нь Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд очсон. Шүүхийн шийдвэр унших үед маш их догдолдог юм билээ. Гурван шатны шүүхийн шийдвэр жирийн төрийн албан хаагч миний талд гарсанд маш их баярласан. Шүүх хуулийн хүрээнд, хуульд заасан хугацаанд хэргийг шударгаар шийддэг гэдгийг үнэхээр мэдэрлээ.
 
- Тэгвэл шүүхийн ажилтнуудын харилцаа хандлага ямар санагдав?
- Гурван шатны шүүхээр үйлчлүүлэхэд бэрхшээл байсангүй. Шүүгчийн туслах иргэдтэйгээ харьцаад, зааж зөвлөөд явчихдаг юм билээ. Харин шүүгчтэй огт уулзаагүй. Шүүхийн ажилтнуудын харилцаа хандлагад шүүмжлэлтэй хандах асуудал гараагүй. Гэхдээ хүн бүр хуулийг мэддэггүй. Тиймээс асуудлаа шийдүүлэхээр ирсэн иргэдэд маш сайн зөвлөгөө өгдөг байгаасай гэж хүсч байна.
 
- Шүүхийн шийдвэрээр эргээд ажилдаа ороход таны гомдол тайлагдсан болов уу?
- Би 17 жил төрийн албанд зүтгэсэн жирийн нэгэн албан хаагч. Ажиллах хугацаандаа алдаа гаргалгүй, өргөсөн тангарагтаа үнэнч явж ирсэн. Гэтэл нэг л өдөр нэг даргын тушаалаар ажилгүй болно гэдэг үнэхээр гомдолтой. Үе, үеийн дарга нарын улстөржсөн буруу шийдвэрээс болж төрийн албан хаагчид олноороо хохирдог. Ингэж хохирсон хүмүүс надаас зөвлөгөө авч, шүүхэд ханддаг болсон. Ажил амьдралаа хохирч байгаа тэдгээр хүмүүсийн зовлонг нь мэдэх хүний хувьд шүүхэд хандахыг зөвлөдөг. "Шүүх шударга. Үнэхээр таныг хууль бусаар халсан бол шүүх шийдвэрээрээ эрхийг тань хамгаална. Та битгий ай. Шүүх засаглалдаа итгэ” гэж зөвлөдөг.
 
Бэлтгэсэн: Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл