Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн шинэ сургалтын хөтөлбөрт “жихад” багтаж, Дарвины онолыг хаслаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Туркийн боловсролын сайд тус улсын шинэ сургалтын хөтөлбөрийг танилцуулжээ.

Шинэ хөтөлбөрт хэд хэдэн онцгой өөрчлөлт орсон байна. Тухайлбал исламын ариун дайн гэгддэг “жихад”-ыг эх оронч үзэл хэмээн тайлбарлаж, хичээлийн хөтөлбөрт оруулжээ. Боловсролын сайд Исмет Илмаз хэвлэлийн бага хурал дээр тайлбарлахдаа “Жихад бол манай шашны нэг элемент. Үүнийг зөвөөр тайлбарлах нь Боловсролын яамны үүрэг юм” гээд “Жихадын жинхэнэ утга нь улс үндэстнээ хайрлах” гэжээ.

“Манай шашны гэгээнтэн, зөнч Мухамед хэлэхдээ дайнаас эргэж ирэх бол жижиг жихадаас том жихад руу шилжиж байгаа явдал гэсэн. Эндээс харвал том жихад гэдэг нь нийгмийн тайван, тогтвортой байдал юм. Дайн хийх бол амархан. Энхийг тогтоох үүнээс хэцүү гэсэн санаа” гэж сайд тайлбарласан байна.

Үүнээс гадна өнгөрсөн онд гарсан төрийн эргэлтийг сургалтын хөтөлбөрт оруулж, эргэлт гарсан долдугаар сарын 15-ны өдрийг “Ардчилал, Үндэсний эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэхээр тусгасан байна.

Нийгмийн ухааны хичээлүүдэд энэ талаар заах гэнэ. Төрийн эргэлтийг зохион байгуулсан гэх Фетуллах Гюлен болон Курдын Ажилчдын Нам, Исламын улс бүлэглэл зэргийг террорист гэсэн нэрээр сурах бичгүүдэд оруулахаар болжээ.

Хүний хувьслын тухай заадаг Дарвины онолыг мөн дунд сургуулийн сурах бичгүүдээс хассан байна. Шинэ хөтөлбөрөөр Дарвины онолыг их сургуульд орох хүртэл нь сурагчдад огт заахааргүй болжээ. Үүнийгээ сайд “энэ сэдэв бол сурагчдын түвшнээс хэтэрсэн, шууд хамааралгүй зүйл” хэмээн тайлбарласан байна.

Уг шийдвэр шинжлэх ухааны талынхны эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Туркийн Боловсрол, Шинжлэх Ухааны Ажиллагсдын Холбооны тэргүүн Мехмет Балик “Хувьслын онолыг заахыг хориглож, бүх сургуулиудад мөргөлийн танхим нээхээр шинэ хөтөлбөрт тусгасан нь боловсролын шинжлэх ухаанч зарчмыг сүйтгэж байна” хэмээн ярьсан байна.

Шинэ хөтөлбөр энэ хичээлийн жилээс нэг, тав, есдүгээр ангиудад хэрэгжих бол 2018-2019 онуудад бусад ангиудад нэвтэрч дуусах гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today