Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны эхний хагас жилд нийгмийн салбарт гарсан ОНЦЛОХ зургаан өөрчлөлт

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статискийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны статистикч Ю.Батзориг өнөөдөр Монгол Улсын 2017 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Монгол Улсын 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн салбарт гарсан ОНЦЛОХ өөрчлөлтүүдээс дурдвал:

НЭГ. ТӨРӨЛТ БУУРЧЭЭ

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 35.3 мянган эх амаржиж, 35.5 мянган хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3.4 мянга, төрсөн хүүхэд 3.3 мянгаар буурсан үзүүлэлт юм.

ХОЁР. БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДийн тоо буурчээ

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн 40.4 мянган иргэд байгаа юм. Үүнээс 29.1 мянга нь ажилгүй иргэд байгаа бол 11.3 мянга нь ажилтай боловч өөр байгууллагад шилжихээр бүртгүүлсэн байна. Энэ нь бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.7 мянган хүнээр буурсан үзүүлэлт аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм. Ажилгүй иргэдийн 45.3 хувь нь бүрэн дунд, 29.9 хувь дээд, 7 хувь нь мэргэжлийн боловсролтой байгаа аж.

ГУРАВ. Нийгмийн даатгалын сангийн орлого 19.6 хувиар өсчээ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний хагас жилд 1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 167.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд Тэтгэврийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого голлон нөлөөлжээ.

Мөн Нийгмийн даатгалын сангийн зарлага 918.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны эхний 5 сард 18 хүртэлх насны 622.1 мянган хүүхдэд 75.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ.

ДӨРӨВ. Нялхсын эндэгдэл эхний хагас жилд буурчээ

Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний хагас жилд 528, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 625 бүртгэгдсэн байна. Энэ нь нялхсын эндэгдэл 282, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 328 буюу 34.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

ТАВ. Бүртгэгдсэн гэмт хэрэг 1,993-аар буурчээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 13 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 1,993 буюу 13.3 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,435, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 473, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 105 тохиолдлоор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний хагас жилд 230.1 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнээс 62.6 тэрбумыг нь нөхөн төлүүлжээ.

Зургаа. Орон сууцны индекс өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурлаа

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2017 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 82.2 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан байна.