Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн Хатан хаанд хүндэтгэл үзүүлж, Иран орон исламын хатуу хуулиа зөрчлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Математикийн хатан хаан гэгддэг, Иран гаралтай, 40 настай эмэгтэй Мариам Мирзахани өнгөрсөн Бямба гарагт хөхний хорт хавдрын улмаас нас барсан юм. Тэрээр Стэнфордын их сургуульд профессороор ажиллаж байсан ба математикийн салбарын Нобель гэгддэг, нэр хүндтэй Фелдсийн шагналыг хүртсэн цорын ганц эмэгтэй байв.

Тэгвэл Исламын хатуу хуультай түүний эх орон Иран шашны дэгээ зөрчин байж Мирзаханид хүндэтгэл үзүүлсэн нь онцгой тохиолдол байлаа.

Ням гарагт Ираны төрийн төв хэвлэлүүд талийгаачийн толгойны алчуургүй зургийг тэргүүн нүүрэндээ нийтэлж, эмгэнэл илэрхийлжээ. Шашны хуулиар эмэгтэй хүний хижаб буюу толгойдоо алчуур зүүгээгүй зураг хэвлэлд нийтлэгдэх хатуу хориотой байдаг.

 

Түүнээс өмнө Ираны ерөнхийлөгч Хассан Рухани инстаграм хуудсандаа Мирзаханигийн толгойн алчуургүй зургийг нийтэлж, эмгэнэлээ илэрхийлээд байсан юм. Тэр зурагны дор “Гайхамшигтай Иран хүн, дэлхийд алдаршсан математикч Мариам Мирзаханигийн нас барсныг дуулаад гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж бичсэн байна.

2014 онд нэр хүндтэй Фелдсийн шагналыг хүртэхэд нь Ираны хэвлэлүүд түүний зурган дээр хижаб эвлүүлэн өмсгөж, зарим нь зөвхөн нүүрийг нь тасдан гаргаж байсан юм.

Фелдсийн шагналыг 1936 оноос хойш дөрвөн жил тутамд нэг удаа 40 хүрээгүй математикийн гоц авьяастнуудад олгож эхэлсэн байна.

Ням гарагт мөн Ираны парламентын хэсэг гишүүд иран эхээс төрсөн муслим биш эцэгтэй хүүхдүүдэд Ираны иргэншил олгох хуулийн өөрчлөлт хийхийг шаардаж эхэлжээ.

Мирзахани нь Чех нөхөртэй байсан тул охин нь Иранд зорчих хориотой байсан юм. Ийнхүү нэрт математикчийн үхэл Исламын хатуу дэглэмтэй Иран оронд өөрчлөлтийн эхлэл тавьж байна.

 

Эх сурвалж: The Guardian