Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп өөрийг нь “хүндэтгэлтэй угтаж авахгүй” бол Британид айлчлахгүй гэж ерөнхий сайдад нь хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Британий ерөнхий сайдад өөрийг нь “хүндэтгэлтэй угтаж авахад” бэлэн болох хүртэл Лондонд айлчлахгүй гэж хэлжээ.

Трампын айлчлал ирэх он хүртэл хойшлоод байгаа бөгөөд Тереза Мэй түүнтэй айлчлалын товыг тохирох гэж утсаар ярьсан байна. Ярианы үеэр Трамп “Тереза, сүүлийн үед миний тухай сайн зүйл танайд бичихгүй байгаа” гэхэд Мэй “Тиймээ, Британий хэвлэлүүд ямар гэдгийг та мэдэж байгаа” гэжээ.

Тэгэхэд Трамп “Миний айлчлах хүсэл хэвээр байгаа ч яарахгүй байна” гээд “Хэрвээ та үүнийг зохицуулж чадвал асуудлыг хялбар шийдэж болно” гэсэн байна. Тэр “Хэзээ намайг таатай хүлээж авахад бэлэн болно, тэр цагт л би зочилно” гэжээ.

Удирдагч нарын ярианы гар бичмэлийг The Sun сонин олж авснаа ийнхүү дэлгэсэн байна,

Энэ онд Трампыг Британид айлчлах тухай яриа гарахад 1.8 сая хүн түүнийг төрийн хүндэтгэлийн ёслолоор угтаж авахыг эсэргүүцэж гарын үсгээ цуглуулсан юм. Уг хөдөлгөөний уриалгад тайлбарлахдаа “Дональд Трамп хэдийгээр АНУ-ын засгийн газрыг төлөөлж Британид айлчилж болох ч Хатан хааныг эвгүй байдалд оруулахгүйн тулд түүнд зориулсан төрийн ёслол хийх ёсгүй юм” гэжээ.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Дональд Трампыг Францын ерөнхийлөгч ёслол төгөлдөр угтан авч, Францын үндэсний баярын арга хэмжээнд оролцуулсан юм. Баасан гарагт Парисын Элисейн өргөн чөлөөнд болсон цэргийн парадад Трамп хүндэт зочноор оролцсон нь 1989 онд Жорж Бушийн оролцож байснаас хойшх АНУ-ын ерөнхийлөгчийн анхны тохиолдол болжээ.

 

Эх сурвалж: Independent