Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын пуужингууд Хятадыг онилох болсны учир…

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Искандер-М пуужин харвах хөдөлгөөнт систем

Энэ сард Орос-Хятадын тэнгисийн хүчин Балтийн тэнгист түүхэн цэргийн сургуулилалт зохион байгуулж байгаа билээ. Гэвч дэлхийн өөр нэг хэсэгт тэд харилцан бие биенээ онилж байгаа нь Москва, Бээжингийн харилцаа тийм ч төгс биш байгааг харуулж байна.

Орос, Хятадын хамтарсан Joint Sea-2017 нэртэй уг сургуулилалт нь Балтийн тэнгисийн улсууд, АНУ тэргүүтэй НАТО-гийн эвслийн санааг зовоож байгаа. Энэ сарын эхээр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Москвад айлчлахдаа хоёр орон Хойд Солонгосын асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Владимир Путинтай уулзсаныхаа дараа Ши Жиньпин Хятад-Оросын харилцаа “түүхийнхээ хамгийн сайхан цаг үед” ирээд байгааг хэлсэн юм.

Гэтэл өнгөрсөн Лхагва гарагийн шөнө Алс Дорнодын Жүүдийн Автономит Тойрогт цөмийн хошуу тээвэрлэх чадалтай 9К720 Искандер-М пуужингийн системийг Оросууд туршиж, байлдааны бэлэн байдлыг нь шалгажээ.

Жүүдийн Автономит Тойрог нь Хятадын Хэйлонжянь мужтай хил залгадаг юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын Зүүн Цэргийн Тойргийн 29 дүгээр армид 3 дугаар пуужингийн бригадыг шинээр байгуулж, хуучны 9к79-1 Точка-У баллистик пуужингийн системээр зэвсэглэж байв. Тэгвэл үүнийгээ орчин үеийн Искандер-М системээр дараа нь сольсон.

Ингэснээр Зүүн Цэргийн Тойрог нь нийтдээ дөрвөн пуужингийн бригадтай болж, эдгээр нь бүгд Искандер-М системээр зэвсэглэгдэж байна.

Бусад 107, 103, 20 дугаар бригадууд нь 2013, 2015, 2016 онуудад тус тус зэвсгээ шинэчлээд байжээ. Тэгвэл үр дүнд нь Зүүн Цэргийн Тойрог нь Оросдоо хамгийн олон Искандер-М системтэй болж байна. Оросын бусад Цэргийн Тойргууд (Өмнөд, Төв, Баруун) нь тус бүр хоёр ийм пуужингийн бригадтай юм.

 
ОХУ-ын цэргийн тойргууд дахь хуурай замын пуужингийн бригадуудын байрлал

Харин Алс Дорнодод байрлуулсан эдгээр зэвсэг нь хэнийг чиглэж байна вэ?

Баруун Тойргийн пуужингийн бригадууд НАТО-гийн түрэлтийн эсрэг зогсож байгаа нь тодорхой.

Харин Зүүн Тойргийн бригадууд нь Хятадыг онилж байгаа нь тодорхой байна. Искандер-М системийн тусгалын зай нь 400-500 км. Энэ нь Япон болон Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазуудад хүрэхгүй гэсэн үг. Хамгийн ойр Японы Аомори муж дахь Мисава агаарын баазад Искандер-М цохилт өгөхийн тулд Курилын арлуудын хамгийн өмнөд цэгт байрлах шаардлагатай юм.

Дөрвөн бригадын 107 ба 20 дугаар бригад нь Жүүдийн Автономит Тойрог, Приморск мужид тус тус байрлаж байгаа. Энэ хоёр бүс нутаг нь хоёул Хятадтай хиллэдэг. Приморскийн хязгаар нь Хойд Солонгостой 17 км шугамаар хиллэдэг.

Эндээс харвал бригадуудын үндсэн үүрэг нь Хятадыг онилохоос гадна Хойд Солонгосыг давхар хариуцдаг нь харагдаж байна. Харин нөгөө хоёр бригадын нэг болох 103 дугаар пуужингийн бригад нь Буриадын БНУ-д, 3 дугаар пуужингийн бригад нь Забайкалск мужид байрлажээ. Буриад нь Монголтой хиллэдэг бол Забайкалск нь Хятадын Өвөр Монголтой хиллэдэг.

Энэ хоёр бригадын үндсэн үүрэг нь Хятадыг онилох гэдэг нь тодорхой байна.

Гэтэл Хятадууд ч бас зүгээр суусангүй. Энэ оны эхээр Хятадын Ардын Чөлөөлөх Арми зүүн хойд Хэйлонжянь мужид цөмийн хошуу тээвэрлэх чадвартай Донфэн-41 баллистик пуужин байрлуулсан тухай Global Times сонин мэдээлж байв. Донфэн-41 нь 15,000 км зайнд цохилт өгөх чадвартай буюу дэлхийн хамгийн хол зайд тусдаг пуужингуудын нэг юм.

Хэдийгээр олон эх сурвалж дээрх мэдээллийг баталж байсан ч Хятадын гадаад хэргийн яам үүнийг “интернэтэд тарж байдаг цуурхлаас хэтрэхгүй зүйл” хэмээн няцааж байв.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин дээрх мэдээллийг хийхдээ “Хятад-Оросын стратегийн түншлэл өндөр түвшинд хэрэгжиж байгааг Хятад улс өндрөөр үнэлж, сайшаан дэмжиж байдаг” хэмээн Оростой харилцаа сайн байгааг батлан хэлж байжээ.

Гэвч үнэн хэрэгтээ хоёр том хөрш харилцан бие биеийнхээ хүчирхэгжилтээс болгоомжилж байгааг хил дээр бөөгнөрсөн зэвсгийн тухай мэдээлэл баталж байгааг цэргийн мэргэжилтнүүд хэлж байна.

 

 Эх сурвалж: The Diplomat, Newsweek