Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна.
Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,
ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.
ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.