Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нарыг унтрах хүртэл амьдарч чадах цорын ганц амьтныг эрдэмтэд тодруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийд тохиолдсон ямар ч гамшгийг тэсэн амьд үлдэж, зөвхөн Нарыг унтрахад хамт сөнөх цорын ганц амьтныг эрдэмтэд тодруулжээ.

Энэ бол тардигрэйд (tardigrade) хэмээх усанд амьдардаг бичил биетэн юм. Хамгийн том нь 0.5 мм хүрдэг, найман хөлтэй уг амьтныг “усны баавгай” ч гэж нэрлэдэг.

Анх 1773 онд Германы зоологич Иохан Аугуст Эфрайм Гёце нээж байсан юм. Нээснээс нь хойш гурван жилийн дараа Италийн биологич Лаззаро Спалланзани түүнд Tardigrada (удаан алхагч) хэмээх нэр хайрлажээ.

Хэт халуун, хэт хүйтэн ямар ч орчинд амьдрах чадвартай уг амьтан далайн ёроол, уулсын орой, халуун орны ширэнгэ, Антарктид хүртэл хаа сайгүй амьдардаг аж. Түүнийг бүр сансарт ч амьдрах чадвартай гэдэг.

Өнгөрсөн Баасан гарагт Scientific Reports сэтгүүлд Оксфорд болон Харвардын астрофизикчдийн хамтарч хийсэн судалгааны тайлан нийтлэгдсэн юм. Тэд манай дэлхийд учирч болох бүх гамшгийн үр дагаварыг тооцоолсон байна.

Тэдний тооцооллоор дэлхийд тохиолдсон ямар ч гамшгийн үед далайн ус ууршиж, бүрэн хуурай болохгүй гэнэ. Сансрын ямар ч үзэгдэл, түүн дотор астероидын мөргөлт, супернова үзэгдэл, сансрын гамма цацрагын тархалт болоход манай дэлхийн далайн ус бүрэн хатаж алга болохгүй. Ингэж дусал усгүй болгож чадахуйц сансрын томоохон биетүүд байдаг ч тэд дэлхийтэй мөргөлдөх боломжгүйг тооцоолсон гэнэ.

Харин эдгээр гамшгийн аль ч тохиолдолд, бүр бүх амьд организм устаж үгүй болсон ч усанд үлдэж чадах амьтан нь дээрх тардигрэйд байх ажээ. Ингэснээр 10 тэрбум жил буюу нарыг унтрахад л устаж үгүй болох цорын ганц амьтан болж байгаа гэнэ.

Тардигрэйд нь дотроо олон төрөлтэй. Тэдний зарим нь ургамлаар хооллодог бол зарим нь бактериар, зарим нь өөрөөсөө жижиг төрлийн тардигрэйдээр хооллодог. Бүр каннибализм хийдэг буюу өөрийн ижил төрөл зүйлийг иддэг ч байдаг гэнэ.

 

Эх сурвалж: The Verge