Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тансаг ангиллын гар утас үйлдвэрлэгч Vertu дампуурлаа зарлаж, үйлдвэрлэлээ зогсоолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Британий тансаг ангиллын гар утас үйлдвэрлэгч Vertu компанийг дампуурлаас аврахын тулд 128 сая фунт стерлингийн өрнийх нь дөнгөж 1.9 саяыг төлснийхөө дараа эзэмшигч нь үйлдвэрлэлээ зогсоож байгаагаа зарлажээ.

Ингэснээр тус компанийн 200 ажилтан ажлын байргүй болж байна.

Vertu компани хэд хэдэн эзний гар дамжсаны дараа өнгөрсөн гуравдугаар сард Турк гаралтай бизнесмэн Мурат Хакан Узаны эзэмшилд очсон юм. Парист амьдардаг Узан компаниа тараасны дараа Vertu брэнд, технологи, дизайны лицензүүдийг эзэмшиж үлдэх ажээ.

Тэрээр ирээдүйд компаниа дахин сэргээх төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Гэвч Vertu компани дахин босох магадлал маш бага болжээ. Учир нь тус компанийн үйлдвэрлэлийг Британи дахь тусгай ур чадвартай, мэргэшсэн ажилчид сайн чанарын савхи, үнэт металл, чулуу ашиглан явуулдаг байсан юм. Тэд нэг тарвал дахин ийм ур чадварыг бий болгох бараг боломжгүй.

Vertu нь хэдийгээр үнэтэй, чамин хийцтэй, зарим загварын үнэ нь $30,000 хүрдэг ч хуучирсан үйлдлийн систем, хуучин процессор ашигладаг гээд технологийн хөгжлөөр байнга хоцордог байв.

Гар утасны үнэндээ 7 хоногийн 24 цагийн тусламж үйлчилгээ, гар утсыг нь гардаж урласан хүнтэйгээ шууд харьцах боломжийг худалдан авагчид олгодог байсан юм.

Vertu 1998 онд Финландын Нокиа фирмийн нэг хэсэг болж анх байгуулагдаж байв. 2012 онд тус компанийг EQT хөрөнгө оруулалтын компани худалдаж авснаа 2015 онд Хятадын Godin Holdings компанид зарсан юм. Эцэст нь Узан худалдаж авснаар уг брэндийн сүүлчийн эзэн болжээ.

 

Эх сурвалж: The Verge