Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Японд гүйцэтгэсэн цаазын ялыг шүүмжиллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Японд хоёр алуурчныг дүүжилж цаазалсан байна. Ялыг гүйцэтгэхийн өмнө олон улсын хүний эрхийн байгууллагууд цаазлахыг эсэргүүцэж, ийм ялыг бүр мөсөн зогсоохыг Токиогоос шаардаж байсан юм.

Масакацү Нишикава, Коичи Сумида нарыг дүүжилснээр Шинзо Абэгийн засгийн газар 2012 онд байгуулагдсанаас хойшх цаазын гүйцэтгэл 19 болоод байна. 61 настай Нишикава 1991 онд Японы баруун хэсэгт дөрвөн эмэгтэйн амийг хороосон бол 34 настай Сумида нь 2011 онд нэгэн эмэгтэйг алж, биеийг нь мөчилсөн ажээ.

Хууль зүйн сайд Кацутоши Канеда “Би сайтар нягталж үзсэний дараа цаазлах тушаал өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. Эмнести Интернэшнл байгууллага Японы цаазын ялын гүйцэтгэлд харамсаж байгаагаа илэрхийлээд үүнийг хүний амьд явах эрхийг зөрчсөн хэрэг гэжээ.

Тус байгууллагын зүүн Азийн судлаач Хирока Шожи “Үхлийн ял хэзээ ч шударга ёсыг тогтоодоггүй. Зөвхөн илүү харгислал, хүмүүнлэг бус шийтгэл болдог” гэж ярьсан байна.

Нишикавагийн хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулж байх үед цаазалсан гэнэ. Ийм үзэгдэл Японд ховор тохиолдож байжээ. Гэсэн хэдий ч энэ нь хэрэгтний цаазын ялыг хойшлуулах шалтаг болохгүй гэж Канеда сайд мэдэгдсэн байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшихиде Суга мөн Канеда сайдын шийдвэр хуулийн хүрээнд гарсныг сүүлд баталжээ.

Хэдийгээр Европын орнууд болон олон улсын хүний эрхийн байгууллагууд Японы цаазын ялыг хүчтэй шүүмжилдэг ч тус улсын иргэдийн олонх нь дэмждэг юм. Шүүмжлэгчид Японы цаазлах системийг маш харгис гэж үздэг. Учир нь ялтан хэзээ цаазлуулахаа мэдэхгүй олон жил хүлээдэг ба цаазаар авахаас ердөө хэдхэн цагийн өмнө мэдэгддэг байна.

 

Эх сурвалж: AFP