Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөсөн юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхаа язгуур соёл, ахуйн амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь үндэсний хувцас билээ.
Монгол туургатны дээл хувцас нь Монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжсөөр байна.
Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ өв соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол хувцасыг таниулах зорилготой энэхүү арга хэмжээ нь өдгөө жуулчдыг татах чухал арга хэмжээ болжээ.
Энэхүү наадмыг зорин ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөе" гэв.
Гэрэл зургийг MPA.mn