Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын ТАВ дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ яг одоо Төрийн ордны Их танхимд болж байна. 

Тангараг өргөх ёслолыг MNB-ийн ШУУД эфирээс хүргэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/696099813908923/

Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өглөө.

Ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн тийм сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү

Иргэдийн төлөөлөл "Түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн тийм сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү" гэв.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад сүү өргөж, баяр хүргэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ болон ард түмэндээ хандаж үг хэллээ. Түүний үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛийг хүргэж байна. 

Тэрбээр "Элэг нэгт ахан дүүс ээ, УИХ-ын эрхэм гишүүд, хүндэт зочид, хатагтай ноёд оо. 

Миний бие иргэдийн итгэлийг хүлээж Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. 

Би Ерөнхийлөгчийн албыг чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна. 

Итгэл өгч, мөрийн хөтөлбөрийг маань дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье. 

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна.

Олон түмний хүлээлт хийх ажлыг минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг.

Шийдлээ хүлээсэн олон сорилтууд эх оронч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийг шаардаж байна. 

Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа тангараглаж байна. 

УИХ-ын эрхэм гишүүдээ, нэн тэргүүнд би иргэдийг ядуурлаас гаргах, ажилгүйдлээс аврахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно. 

Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл ноцтой хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна. 

Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ. 

Монголчууд аа, ахан дүүсээ. Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна.

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй үндэсний үйлдвэрлэлтэй улс болно.

Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэлийн бодлогыг дэмжихгүй.

Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. 

Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно. 

Би эв нэгдлийг эрхэмлэж, Үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. 

Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. 

Би экологийн тэнцвэрт байдлыг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна. 

Би их спортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна. 

Мөнхийн хоёр хөрш БНХАУ, ОХУ-тай найрамдалт харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлогод онцгой анхаарна. 

Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

Дээдсийн маань хийморь сүлд биднийг уриалан дуудаг. Монгол Улс хөгжин бадартугай" гэв.