Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин, Дональд Трамп нар анх удаа нүүр тулан уулзлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Удтал хүлээгдэж байсан ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт Баасан гарагт болж, хоёр цаг, 20 минут орчим үргэлжилжээ.

Германы Хамбургт болж байгаа Их 20-ын чуулганы үеэр болсон уг уулзалт 30-40 минут үргэлжлэхээр төлөвлөгдөөд байсан нь ийнхүү сунжирсан байна. Путин уулзалтын дараа “Бид АНУ-ын ерөнхийлөгчтэй маш удаан ярилцлаа. Украин, Сири, зарим хамтын ажиллагааны асуудлууд гээд ярих зүйл ихээр хуримтлагдсан байлаа” хэмээн ярьжээ.

Терроризмтай тэмцэх, кибер аюулгүй байдлын асуудлууд ч хөндөгдсөн гэдгийг тэр бас хэлсэн юм.

Трамптай уулзсаныхаа дараа Путин Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах гэж байжээ. Тиймээс Путин Абэг удтал хүлээлгэсэндээ өөрийнхөө өмнөөс болон Трампын өмнөөс уучлал хүссэн байна.

Дональд Трамп “Ерөнхийлөгч Путин бид хоёр олон асуудлаар хэлэлцлээ. Уулзалт маш сайн боллоо гэж би үзэж байна” хэмээн дараа нь сэтгүүлчдэд хэлжээ. “Уулзалтаар олон нааштай тохиролцоонд хүрсэн”-ийг ярьсан Трамп яриа хэлэлцээр цаашдаа ч үргэлжилнэ гэсэн юм.

Эцэст нь Трамп уулзсандаа баяртай байгаагаа хэлж Путинтай гар барихдаа “спасибо” хэмээн оросоор хэлжээ.

Уулзалтад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон нар оролцсон байна. Уулзалтын үр дүнгийн талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Russia Today