Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Исламын улс” ялагдсаныг Иракийн арми зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Мосул хотын их дуганы балгас

Мосул хотын их дуганыг чөлөөлснийхөө дараа Иракийн арми тус улс дахь Исламын улс бүлэглэл ялагдал хүлээснийг зарлажээ.

Пүрэв гарагт буюу өчигдөр бригадийн генерал Яхия Расул үндэсний телевизийн сувгаар “Тэдний байгуулсан зохиомол улс байхгүй боллоо” гэж мэдэгдсэн юм.

Үүнээс яг гурван жилийн өмнө, яг энэ цэг дээрээс Исламын улсын удирдагч Абу Бакр Аль Багдади өөрийн “халифын вант улс” байгуулагдсаныг зарлан тунхаглаж байв.

Өнгөрсөн долоо хоногт Иракийн армид алдах нь тодорхой болмогц тэд 12 дугаар зууны Аль-Нури дуганыг дэлбэлсэн юм. Дуганы Аль-Хадба мөргөлийн цамхагт Исламын улсын хар туг 2014 оны зургаадугаар сараас эхлэн тасралтгүй мандаж байжээ.

Одоо чөлөөлөгдсөн Мосул хотын хэсгийг тэсрэх бөмбөгнөөс чөлөөлөх ажиллагаа явагдах юм. Хотын хуучин дүүргийн хэсэгхэн газарт 300 орчим исламист тулалдсан хэвээр байгаа ч ойрын хэд хоногийн дотор тэднийг устгаж чадна гэж Иракчууд амлажээ. Одоо Исламын улс бүлэглэл Тигрис голын баруун эргийн нэг километр хүрэхгүй хавтгай дөрвөлжин талбайг хянаж байгаа гэнэ.

Гэвч Мосул хотыг бага үнээр чөлөөлөөгүй юм. АНУ тэргүүтэй орнуудын агаарын цохилтод хэдэн мянган энгийн иргэн үрэгдэж, 850,000 орчим оршин суугч гэр орноосоо дүрвээд байна. Хот тэр чигтээ балгас болж, зуны халуунд өмхийрсөн хүүрнүүд хаа сайгүй хөглөрч байгаа юм.

1.5 сая хүн амтай Мосулыг чөлөөлөх тулаан 2016 оны аравдугаар сард эхэлсэн. Исламын улс бүлэглэлийн үлдэгдэл дайчид одоо Иракийн хойд нутаг, Сирийн хил дагуу ухран байрлаад байна.

Чөлөөлөх ажиллагаанд Иракийн армиас гадна Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд, Курдын пешмерга бүлэглэл оролцсон юм.

Гэхдээ террористууд газар нутгаа алдсан ч далд хэлбэрт шилжин дэлхий даяар хорлон сүйтгэх ажиллагаагаа үргэлжүүлнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Мөн Иракийн хойд хэсгээр төв засгийн газраа эсэргүүцдэг бүлэглэлүүд олон байдаг тул Исламын улс сүйрснээр Иракийн зовлон дуусахгүй гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent