Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

11 настай хүү Альберт Эйнштэйнээс өндөр IQ сорилын оноо авчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Британий иргэн, Энэтхэг гаралтай 11 настай хүүгийн IQ сорилын оноо Альберт Эйнштэйн, Стефэн Хокинг нарынхаас өндөр гарсан байна.

140 оноог гоц ухаантнуудын босго гэдэг бол Арнав Шарма хүү 162 оноо авсан ажээ. Энэ нь Германд төрсөн онолын физикч Эйнштэйн, нэрт одон орон судлаач Хокинг нараас бүхэл бүтэн хоёр оноогоор илүү гарсан үзүүлэлт юм.

Британий Ридинг хотод амьдардаг Арнав маш хэцүү гэгддэг уг сорилыг өмнө нь огт харж байгаагүй, бэлдэлгүй орсон гэнэ. Ингэснээрээ тэр Британий нийт хүн амын гоц ухаантан нэг хувьд багтаж байгаа ажээ.

Арнавын өгсөн шалгалт нь “Mensa test” гэгддэг хүнд хэцүүгээрээ алдартай IQ сорил юм.

Хүүгийн ээж Мэша Дамижа Шарма төсөөлж байгаагүй дүн авсан Арнавыг багадаа онцгой нэгэн байсныг нь дурссан байна. Хүүг ой хагастай байхад Энэтхэгт хүргэж эмээтэй нь уулзуулж байжээ. Эмээ нь хүүтэй хэсэг хамт байсныхаа дараа түүнийг ном эрдэмтэй хүн болох хүн гэж хэлэхэд ээж нь тоогоогүй гэнэ. Арнавын математикийн авьяас хоёр нас хагастайгаас нь мэдэгдэж эхэлжээ.

Одоо хүү Ридинг хотын Кроссфелд сургуульд сурдаг. Тооноос гадна дуулж, бүжиглэх авьяастай гэнэ. Тэрээр найман настайдаа хотын урлагийн авьяастан шалгаруулах тэмцээнд Болливүүдын дуу, бүжгээр хагас шигшээд шалгарч байжээ.

Тэр бас програм бичих, бадминтон, төгөлдөр хуур тоглох, усанд сэлэх хоббитойгоос гадна газарзүйн өндөр мэдлэгтэй, дэлхийн бүх улсын нийслэлийг нэрлэж чаддаг гэнэ.

Менса нийгэмлэгийн албаны хүн хэлэхдээ Арнавын авсан оноог “манай үндэстний маш өчүүхэн хэсгийн үзүүлж чадах амжилт” хэмээн магтжээ.

Менса нь өөрийгөө өндөр IQ оноо авч чадахыг харуулсан хүн л элсдэг онцгой нийгэмлэг юм. Уг нийгэмлэгт Британий хүн амын зөвхөн 2 хувьд багтах амжилт үзүүлсэн хүмүүс багтдаг.

Менса нийгэмлэгийг 1946 онд эрдэмтэн, хуульч Лэнслот Лионел Вар, Австралийн хуульч Роланд Беррил нар Оксфордод үүсгэн байгуулсан нь сүүлдээ дэлхий даяар салбартай болсон юм байна.

Тус байгууллагын уриа нь “хүний оюуны чадварыг илрүүлж, дэмжин хүн төрөлхтний тусын тулд зориулах” гэнэ.

Эх сурвалж: Independent