Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг аврахад ГУРВАН ЖИЛ үлдээд байгааг эрдэмтэд анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн цаг уурын дулаарал эцэстээ манай гарагийг сөнөөх аюултай гэдэг. Өнөөдрийн байдлаар далайн усны түвшний өсөлт сүүлийн 20 жилд 50 хувь нэмэгджээ. 2017 онд түүхэнд байгаагүй хэмжээний халалт дэлхийн өнцөг булан бүрт тохиолдоод байна.

Тэгвэл хоёр өдрийн өмнө зургаан алдартай эрдэмтэн, дипломатчид нийлж, нэгэн ил захидал бичсэн нь цаг уурын дулаарлыг барьж тогтооход ердөө гурав орчим жилийн хугацаа үлдээд байгааг анхааруулсан утгатай байлаа. Тэдний дотор НҮБ-ын цаг уурын асуудал хариуцсан захирал асан Кристиана Фигуэрэз, нэрт физикч Стефан Рамсторф нар байгаа юм.

Энэ сарын 28­-нд нийтлэгдсэн захидал нь дэлхийн бүх улс орнуудын засгийн газрууд, компаниуд, эрдэмтэд, иргэдэд хандаж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг уриалжээ.

Тэдний үзэж байгаагаар 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тогтмол хэмжээнд бууруулж чадвал дулаарлыг эргэлт буцалтгүй үргэлжлэхээс сэргийлж чадах гэнэ.

2020 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөнд:

  • Нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүч болгох
  • 2050 он гэхэд хот, суурин газруудын шатдаг түлшний хэрэглээг бүрмөсөн зогсоохын тулд жил бүр $300 тэрбумыг зориулах
  • Бүх шинэ автомашины 15 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгох
  • Ой мод огтлохоос үүсэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2050 оноос өмнө хоёр дахин бууруулах
  • Цаг уурын дулааралтай тэмцэх төслүүдэд санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд тусгагджээ.

Тэдний захидал нь саяхан Парисын цаг уурын дулааралтай тэмцэх гэрээнээс татгалзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийг өөрчлөх зорилготой нь тодорхой байна.

 

Эх сурвалж: Business Insider