Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ $1.4 тэрбумын зэвсэг Тайваньд нийлүүлэх хэдий ч “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэнэ гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа Тайваньд $1.4 тэрбумын зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь Дональд Трамп, Ши Жиньпиний уулзалтын үзэл санааны эсрэг алхам болж байна хэмээн АНУ-д суугаа Хятадын элчин сайд өчигдөр мэдэгджээ.

АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт өчигдөр хэлэхдээ “Цагаан ордон Тайваньд зэвсэг нийлүүлэх долоон хэсэг саналыг Конгресст албан ёсоор танилцуулсан. Эдгээрийн үнийн дүн $1.4 тэрбум болж байна” гээд “гэвч Нэг Хятад бодлогыг АНУ сахисан хэвээр байгаа” гэж тайлбарласан байна.

Тэр бас нийлүүлэх зэвсэг нь Тайваний өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэжээ. Энэ гэрээний тухай анх өнгөрсөн гуравдугаар сард яригдаж эхэлсэн юм. Тухайн үед Бээжингийн эрх баригчид удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Тайваний арал нь Хятадын иргэний дайны дараа буюу 1950 оноос тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Бээжин өөрийн газар нутаг хэмээн үздэг юм. Зэвсэг нийлүүлэх гэрээг одоо Конгресс батлах ёстой. Үүнээс хоёр жилийн өмнө Обамагийн засаг захиргаа хамгийн сүүлд $1.83 тэрбумын зэвсэг Тайваньд нийлүүлж байжээ.

АНУ 1979 оноос эхлэн Нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайваньтай дипломат харилцаа тогтоохоос татгалздаг болсон. Гэвч тэр цагаас хойш Бээжингийн эсэргүүцлийг үл хайхран Тайваньд зэвсэг нийлүүлсээр байгаа юм.

Өчигдөр өглөө мөн АНУ-ын Сенатын зөвлөл Тайваний боомтод АНУ-ын тэнгисийн хөлгүүд нэвтрэхийг 1979 оноос хойш анх удаа зөвшөөрсөн нь Хятадын эрх баригчдыг ихээхэн бухимдуулсан байна.

Эдгээр алхмууд нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдэхэд Хятадыг чармайлт гаргахыг шаардаж байгаа Вашингтоны дарамт гэж тайлбарлаж болох юм. Үүний бас нэг илрэл нь өчигдөр буюу Пүрэв гарагт Хойд Солонгосын мөнгийг угаадаг гэх Хятадын хоёр банк, хоёр иргэнд Вашингтон эдийн засгийн хориг тавьж байгаагаа зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today