Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын мэргэн бууч дэлхийн дээд амжилтыг тогтоосон нь улс төрчдийн дунд маргаан дэгдээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Иракт үүрэг гүйцэтгэж байгаа Канадын цэргийн алба хаагч 3,540 метрийн зайнаас Исламын улс бүлэглэлийн гишүүнийг буудаж хөнөөсөн тухай тус улсын батлан хамгаалах яам зарласан юм.

Тэр үүгээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Өмнө нь 2009 онд Британий мэргэн буучийн километр гаруй зайнаас Талибаны дайчныг буудаж хөнөөсөн түүх дээд амжилтыг эзэмшиж байсан юм.

Мэргэн бууч нь Канадын терроризмтай тэмцэх элит бүлгийн гишүүн байжээ. Уг үйл явдал өнгөрсөн сард болж, Иракийн цэргүүд рүү Исламын улс бүлэглэлийн дайчин гэнэдүүлж довтлохоор бэлдэж байгааг мэдээлсний дараа буудсан юм.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо энэхүү амжилтыг тэмдэглэх ёстой үйл явдал гэж ярьсан нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарсан байна. 2015 онд Трюдогийн удирдсан Либерал намынхан сонгуульд ялахдаа Ирак дахь Канадын цэргийн ажиллагааг зогсооно хэмээн амлаж байсан юм.

Эрх мэдлийг авсныхаа дараа Жастин Трюдо Канадын зургаан сөнөөгч онгоцыг эргүүлэн татаж, оронд нь тусгай хүчний 200 дайчныг Ирак, Курдын цэргүүдэд туслуулахаар илгээжээ.

Ингэхдээ Канад цэргүүд хэзээ ч бусдын эсрэг түрүүлж буудахгүй, хэрвээ бусдын амийг аврахаар байвал л түрүүлж буудна гэж тайлбарлаж байв. Харин Трюдогийн саяын мэдэгдлийн дараа сөрөг хүчнийхэн түүнд захиа илгээж, сонгуулийн үед баримталж байсан бодлогоосоо ухарсан эсэхэд тайлбар хүссэн байна. Ерөнхий сайд энэ үед “ямар ч шалтгаанаар хүн хүнээ алах явдлыг баяр болгон тэмдэглэх нь миний үнэт зүйлд нийцэхгүй” хэмээн өмнө хэлсэн үгнээсээ буцжээ. Гэхдээ тэр Канадчуудын Иракт гүйцэтгэж байгаа үүрэг зөвхөн хамгаалах шинж чанартай гэдгийг бататган хэлсэн байна.

Хэдхэн хоногийн дараа Канадын Иракт илгээсэн цэргийн алба хаах хугацаа дуусах гэж байгаа. Либерал засгийн газар удахгүй Иракаас цэргээ татах, эсвэл хугацааг нь сунгахаа шийдэх юм. Энэ шийдвэр нь Жастин Трюдогийн амлалтыг шалгах том сорилт болохоор байна.

 

Эх сурвалж: The Guardian