Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн мафиуд Германыг хоёр дахь эх орноо болгож эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Италийн Сицили дэх мафийн боссын гэрийн гадаа

Өмнөд Европт эдийн засгийн байдал муудаж, Италийн засгийн газар гэмт хэрэгтэй хатуу тэмцэл явуулах болсон тул Сицилийн мафийн бүлэглэлүүд Германыг зорих болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Германы гэмт хэрэгтэй тэмцэх алба, Италийн санхүүгийн цагдаа нар Германы баруун өмнөд хэсгийн Виллинген-Швеннинген хотод ажиллагаа явуулж, хар тамхи наймаалагч 19 этгээдийг 4 сая еврогийн үнэ бүхий хар тамхи, бэлэн мөнгөний хамт баривчилсан байна.

Тэд Германы хамгийн баян муж болох Баден-Вюртембергийн Роттвейл, Штутгарт хотуудад төвлөрөн ажиллаж байжээ.

Мафийнхан Албаниас Герман руу их хэмжээний марихуан, кокайн тээвэрлэж, олсон мөнгөө орон нутгийн баар, дэлгүүрүүдэд хүчээр байрлуулсан бооцоот тоглоомын машинуудаар угаадаг байсныг Италийн цагдаа илрүүлсэн юм.

2016 оны тавдугаар сард бооцоот тоглоомын автомат машин суурилуулахыг зөвшөөрөөгүй баар руу мафийнхан машинаас гал нээсэн хэрэг гарч байв. Тэднийг Сицилийн Палермод төвтэй Мондиногийн бүлэглэл болохыг цагдаа нар илрүүлсэн байна.

Мөн Италийн хамгийн том мафи болох Коза Ностра Германд үйл ажиллагаагаа эхэлсэн гэж мөрдөгчид дүгнэж байгаа юм.

1990 оноос хойш Сицилид 4,000 орчим мафийн гишүүн баривчлагдсан тухай Италийн дотоод хэргийн яамны тайланд өгүүлжээ. Мафийнхны гол бизнес нь Сицилийн барилгын зах зээл байсан бол сүүлийн жилүүдэд уналтад орж, орлого нь буурсан байна. 2007 оноос хойш барилгын салбарын орлого 90 хувь буурсан гэж Италийн барилгын холбооны тоо баримтад дурджээ.

Хамгаалалтын мөнгөө төлж чадахаа больсон Сицилийн жижиг бизнес эрхлэгчид цагдаад мафийнхныг мэдээлэх нь бас нэмэгдсэн байна. Германд зохион байгуулсан ажиллагааг Италийн талаас удирдсан Жюзеппе Кампобассо “Италийн мафийнхан, тэр дотроо хүчирхэг Калабриагийн Ндрагента хүртэл сүүлийн жилүүдэд Германд хөрөнгө оруулах болсон. Европын хууль ёсны компаниудын нэгэн адил, тэд ч Германаас асар их ашиг олдог болоод байна” гэж хэвлэлд ярьжээ.

Тэр “Италичууд Англи, АНУ гээд дэлхийн янз бүрийн орнууд руу шилжин нүүдэллэж байна. Харамсалтай нь бид маш олон гэмт хэрэгтнүүдийг экспортлодог боллоо. Тэд Сицилид хямралтай тулгарсан байгаа. Тэдний зарим нь аяны цүнхээ үүрээд шууд Германыг зорьж байна. Германд тэд дороо ажил олж, ашигтай ажиллаж эхэлсэн” хэмээн ярьсан байна.

Үүний үр дүнд Герман улс Италийн дараа орох Европын хамгийн том мафийн үүр уурхай болоод байгааг энэ талаар судалж, ном бичиж байсан сэтгүүлч Петра Рески өгүүлжээ.

Мафийнхны төвлөрөөд байгаа Баден-Вюртемберг муж нь гадаадад хөдөлмөр эрхлэх хөтөлбөрийн дагуу 1950, 60, 70-аад онд ирж суурьшсан италичууд олонтой газар юм. 2015 онд хийсэн мөрдлөгийн тайланд өгүүлснээр өнөөдрийн Сицилийн хамгийн том мафи гэгддэг Ндрагента Германы Лэйпциг, Дрезден, Баден-Баден, Кассел, Мюнхен, Мюнстер хотуудад 20 орчим компани, 30-аад ресторан ажиллуулж олсон 100 сая еврогоо Эрфурт хотод төвлөрүүлэн угаадаг нь тогтоогджээ.

 

Эх сурвалж: The Guardian