Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Экс ерөнхийлөгч Пак Гын Хэг цаазлахаа Хойд Солонгос амлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амийг хөнөөх төлөвлөгөө боловсруулсныхаа төлөө Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, тагнуулын газрын дарга асан Ли Бён Хо нар цаазаар авхуулах ёстой гэж Пёньяны эрх баригчид өчигдөр буюу Лхагва гарагт мэдээлжээ.

Тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA (Korean Central News Agency) Өмнөд Солонгосын өмнөх удирдагч нарыг “өнөөдрөөс эхлэн хаа байгаа газарт нь, хэзээ ч хамаагүй, ямар ч аргаар хамаагүй нохойн үхлээр” үхүүлэхээ амласан байна.

2015 оны сүүлээр Пак Гын Хэ Хойд Солонгосын удирдагчийг зайлуулах төлөвлөгөө боловсруулж, түүнийг нь гүйцэтгэх үүргийг тагнуулын албаны дарга хүлээж байсан гэнэ. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг Өмнөд Солонгосын парламент гаргаснаар дээрх төлөвлөгөө цуцлагдсан байна.

Пёньяны мэдэгдлийг тус улсын Улсын Аюулаас Хамгаалах Яам, Ард Түмнийг Аюулаас Хамгаалах Яам, Ардын Прокурорын Төв Газар гэсэн байгууллагуудын нэр дор гаргажээ.

Хойд Солонгос мөн Пак Гын Хэ, Ли Бён Хо нарыг “төрийн дэмжлэгтэй терроризм” зохион байгуулах гэж оролдсон тул олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу шилжүүлж өгөхийг Өмнөд Солонгосоос шаардсан байна.

Өнгөрсөн тавдугаар сард Ким Жон Уны амийг биохимийн зэвсгээр хөнөөх оролдлогыг Хойд Солонгос таслан зогсоосноо зарлаж байв. Уг ажиллагааг Өмнөд Солонгос, АНУ-ын тусгай албад зохион байгуулсан гэж тухайн үед мэдэгдэж байжээ.

Хоёр Солонгосын харилцаа Пак Гын Хэгийн консерватив засгийн газрын үед эрс муудсан гэж үздэг. Харин шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгостой аядуу зөөлөн бодлогоор харилцахыг эрхэмлэж байгаа юм.

Өчигдөр Мүүн Жэ Ин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа уулзахаар Вашингтоныг зорьсон. Тэдний ярианы гол сэдэв Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал байх нь тодорхой байна.

 

Эх сурвалж: Associated Press