Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төв, суурин газрын өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусгана

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

- Засгийн газрын өнөөдрйин хуралдааны шийдвэр -

“Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв.

Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судалж, танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.
Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор боллоо.

Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч, холбогдох газруудтай гэрээ байгуулах, малын гоц халдварт өвчин, хортон мэрэгч, шавжтай тэмцэх, отор хийх нутагт шинээр худаг гаргах, малчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ, хадлан тэжээл, ургац хураалтын үеийн бэлэн байдлаа хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд нь бэлчээрийн ургамал сайн ургасан бол 70 хувьд дунд, 10 хувьд муу байна. Одоогоор улсын хэмжээнд 517 мянган га-д тариалалт, үүнээс 25 мянга гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ.