Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн дээд шүүхийн байр руу нисдэг тэргээр довтолжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн дээд шүүхийн байр руу цагдаагийн нисдэг тэргээр довтолж, гал нээн, гар бөмбөг шидсэн хэрэг өчигдөр буюу Мягмар гарагт гарчээ.

Сүүлийн гурван сарын турш бослого хөдөлгөөнд автаад байгаа тус улсын ерөнхийлөгч, 54 настай социалист Николас Мадуро дээрх хэргийг “террорист халдлага” гэж тодорхойлсон байна.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар нийслэл Каракас хотын төвд, дээд шүүх, ерөнхийлөгчийн ордон байрладаг газарт хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ гарсан гэнэ.

“Удахгүй бид нисдэг тэргийг олзолж, төрийн байгууллагуудын эсрэг зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэх болно” хэмээн Мадуро мэдэгджээ. Сөрөг хүчний удирдагч нар дарангуйлагч Мадурод захирагдахгүй байхыг Венесуэлийн хууль хүчнийхэнд уриалсаар байгаа юм.

Гэхдээ зарим ажиглагч нар нисдэг тэрэгний халдлагыг Мадуро өөрөө зохион байгуулж, Венесуэлийн парламентад үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэхэд ашиглаж байж болзошгүй гэж үзэж байна. Өчигдөр бас Мадуро өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн эсэргүүцэл тэмцэл хурц түвшинд хүрч, засгийн газрын эсрэг хүчирхийлэл үйлдвэл зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг анхааруулсан юм.

Уг тэмцлийн хугацаанд нийт 75 хүний амь үрэгдээд байгаа. Мадуро “Хэрвээ Венесуэлд эмх замбараагүй байдал үүсч, Боливарын хувьсгал аюулд өртвөл бид дайтах болно. Бид бууж өгөлгүйгээр зэвсгийн хүчээр эх орноо хамгаална” гэж хэлжээ.

2013 онд Хюго Чавесийг залгамжилсан Николас Мадуро долдугаар сарын 30-нд үндсэн хуулийн ассемблей гэх онцгой дээд байгууллагыг байгуулан хуралдуулж, үндсэн хуульд өөрчлөлт оруулж, байр сууриа бэхжүүлэхийг хичээж байгаа.

Тэр зөвхөн ийм аргаар Венесуэлд энх амгалан байдал тогтооно гэж үзэж байгаа юм. Гэвч сөрөг хүчнийхэн түүний санааг эсэргүүцэж, 2018 оны сүүлээр болох ерөнхийлөгчийн сонгуулийг наашлуулахыг шаардаж байна. Тэд Мадурог социалист намдаа хязгааргүй эрх мэдэл олгох гэж байна гэж үзэж байгаа.

Мадуро тус улсын газрын тосны нөөцөд хяналт тавихын тулд Вашингтон тогтворгүй байдал үүсгэж байна гэж үздэг юм. Тэрээр хэрвээ Венесуэлийг унагавал, асар их дүрвэгчид АНУ-г зорино гэж айлгаж байгаа. Мягмар гарагт Мадуро хэлэхдээ “Ноён Дональд Трамп сонс! Хэрвээ Венесуэлийг унагавал чи Миссисиппээс Флорида, Флоридагаас Нью-Йорк хүртэл эрэг дагуу 20 хана хэрэм босгох болно. Тиймээс Венесуэлийг үймүүлэхээ зогсоо!” гэжээ.

 

Эх сурвалж: Reuters