Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт ҮҮЛ орж ирэхгүй байгаа учраас пуужин харваж бороо оруулах нөхцөл бүрдэхгүй байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа Хангай нурууны ар бэлийн нутаг, Хөвсгөлийн уулсаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжилэхийг анхааруулж байна.

Зургаадугаар сарын 27-ны байдлаар халуун байгаа нутгуудийн мэдээлэл:

Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халлаа. 

Энэ хугацаанд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр агаарын температур +22 -оос +27.

Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутгаар +36 -аас +40 градус.

Бусад нутгаар +30 -аас +35 градус хүрч халлаа. 

Үүнээс хамгийн өндөр буюу Өмнөговийн Мандал-Овоод +40 градус хүрч халжээ. 

Ойрын өдрүүдэд говь талын нутгаар бүгчим халуун үргэлжилнэ.

Өнөөдөр оройны 12 цагийн мэдээг харж байгаад пуужин харвах экспедиц гарах эсэхээ шийднэ

Бүгчим халуун үргэлжилж байгаа учраас Улаанбаатарт үүл буудаж бороо оруулах эсэх талаар мэргэжилтнээс тодрууллаа.

Гэрэл зургийг mpa.mn

ЦУОШГ-ын Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар "Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг баруун аймгуудаар харвалт хийгээд бороо оруулж байна.

Улаанбаатарт үүл орж ирэхгүй байгаа учраас пуужин харваж бороо оруулах нөхцөл бүрдэхгүй байна. Үүл нь орж ирвэл харвалт хийхэд бэлэн байна.

Өнөөдөр оройны 12 цагийн мэдээг харж байгаад харвалтын экспедиц гарах эсэхээ шийднэ.

Урьд шөнө таван аймагт есөн пуужин харваж бороо оруулсан. Архангайд 2, Орхонд 2 Хөвсгөлд 2 Говь-Алтайд 2, Сүхбаатарт 1 пуужин харвасан" гэлээ.


2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст халж Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус.

Говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус.

Бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

7 дугаар сарын 1, 2-нд  нутгийн баруун хагаст сэрүүснэ.