Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сансрын нисэгч Валентина Терешкова Монголд ирнэ

Б.Баяр, Зууны мэдээ
2017 оны 6 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терешковагийн урилгаар тус улсад айлчилж байна. Валентина Терешкова нь ОХУ-ын сансрын нисэгч, дэлхийн түүхэн дэх сансарт ниссэн анхны эмэгтэй.  Мөн ЗХУ, Монгол Улсын баатар цолтой, ОХУ-ын анхны эмэгтэй генерал юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Л.Болд энэ сарын 23-нд уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тэргүүлдэг "Шинэ Монголын төлөө санаачилга" ТББ-ын “Насан туршийн бахархалт хүн” шагналыг Валентина Терешковад гардуулан өглөө.

Сансрын нисгэгч Валентина Терешкова талархлаа илэрхийлээд "Монгол хүнийг дахин сансарт нисгэхэд хамтран ажиллана" гэв. Түүнчлэн олон жилийн өмнө Монголд ирж байсан. Тэрбээр Монголын уудам тал, тайван өдрүүдийг дурсаж явдгаа хэлсэн юм.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Л. Болдыг өөрийн төрсөн нутаг болох Ярославт урьсан. Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ынхаа шугамаар Валентина Терешковаг Монголд айлчлахыг урилаа.

Валентина Терешкова ч саналыг дуртайяа хүлээн авч, энэ зун айлчилна гэдгээ хэлэв. Ийн ОХУ-ын домогт сансрын нисгэгч Валентина Терешкова тун удахгүй Монголд ирэхээр болж байна. 1963 оны зургаадугаар сарын 16-нд 26 насандаа сансарт ниссэн анхны эмэгтэй. Тэрбээр тухайн үедээ ЗХУ-ын баатраар өргөмжлөгдөж байжээ. Валентина “Восток-6” хөлгөөр сансарт нисжээ.

Тэрбээр сансарт хоёр жил үүрэг гүйцэтгэсэн, “Восток-6” хөлгийн буултын системд осол гарсныг илрүүлж чадсан гэдгээрээ алдаршжээ.

Дашрамд дуулгахад “Шинэ Монголын төлөө санаачилга" ТББ-ын урилгаар дэлхийн домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд айлчлаад буцсан билээ.

Зураг